
Улаан буудайн болон хөх тарианы гурил БНХАУ руу экспортлох тухай яриа хэлэлцээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам урд хөршийн хүнс, хорио цээрийн байгууллагуудтай 2019 оноос хийж буй. Түүнчлэн импортлогч талаас манай гурилын үйлдвэрүүдэд зарим шаардлага тавьж, стандарт хангуулах зорилготой ажлууд хийлгэсэн юм байна. Тэгвэл нэр бүхий 13 аж ахуйн нэгжээс улаан буудайн болон хөх тарианы гурил худалдан авах боломжтойгоо өнгөрсөн долоо хоногт урд хөршөөс мэдэгджээ. Улмаар энэ онд багтаан хэрэглээнээсээ илүү гарсан гурилыг гадаад зах зээлд борлуулах ажил эхлүүлж, тариаланчид, аж ахуйн нэгжүүдийн орлогыг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдэхүүний нэр, төрөл, хэмжээг өсгөх боломж бүрдүүлэхээ ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун дурдлаа. Ташрамд мэдээлэхэд, манай улсын гурилын нэг жилийн хэрэгцээ 310 000 тонн. Харин гурилын 50 орчим үйлдвэр жилд 940 гаруй тонн будаа тээрэмдэн үүний 70 гаруй хувьтай тэнцэх хэмжээний гурил үйлдвэрлэх хүчин чадалтай.
Бэлтгэсэн С.Дулам