
Монголын хөрөнгийн зах зээл өнгөрсөн онд 30 жилийн түүхэндээ хамгийн өндөр өсөлттэй байлаа. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны эцэст 5.9 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь 2.9 их наяд төгрөг буюу 97 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн Монголын хөрөнгийн биржийн “Топ 20” индекс 44 411 нэгжид хүрэв. Тус индекс 25 125 нэгж буюу 130 хувиар өссөн үзүүлэлт энэ юм. Уг индексийн өсөлт нэг талаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй гол компаниудын хувьцааны ханш хоёр дахин өссөнийг илтгэж буй. Хөрөнгийн зах зээлийн хэмжээ Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний тав орчим хувьтай тэнцдэг байсан. Тэгвэл хоёр дахин өссөнөөр хөрөнгийн зах зээлийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувьтай дүйжээ.Хөрөнгийн бирж өнгөрсөн онд 1.4 их наяд төгрөгийн арилжаа хийв. Өөрөөр хэлбэл, өдрийн дундаж арилжааны дүн нь 5.7 тэрбум төгрөгт хүрсэн гэсэн үг. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 21 дахин нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг Монголын хөрөнгийн биржийнхэн онцоллоо. Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн онд есөн шинэ бүтээгдэхүүн бүртгэжээ. Ингэснээр нийт 192 бүтээгдэхүүнтэй болов. Үүний 185 нь хувьцаа, долоо нь бонд, хоёр нь Хөрөнгө оруулалтын сангийн эрхийг бичиг, нэг нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас аж. Үнэт цаасны 54 компани Монголын хөрөнгийн биржтэй хамтран ажиллаж байна. Тэд нийт арилжааныхаа 95 хувийг онлайнаар хийжээ.
Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын 69 хувь нь өнгөрсөн онд үүргийн хэрэгжилтээ биелүүлсэн гэнэ. Мөн өмнөх оныхоос зургаагаар их буюу 37 компани 161.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараажээ. Түүнчлэн үйл ажиллагаагаа зогсоосон 15 компанийг хөрөнгийн биржийн бүртгэлээс хассан байна.