
Хотын даргад тавих нэг санал байна. Та Олон улсын рогейны холбоонд хүсэлт илгээж ДАШТ-ээ Монгол Улсын нийслэл Улаанбаатарт зохион байгуулбал урьд өмнө байгаагүй сонирхолтой, илүү алмайруулсан, энэ спортын нэр хүндийг өргөсөн жинхэнэ экстрим адал явдал болно гэж танилцуулаач. Магадгүй зарим талаар дүрэмд нь өөрчлөлт оруулах хэмжээний, таамаглахад бэрх эрсдэлтэй учруулна гэж ам бардам хэлээч.
Рогейн хэмээх “аюултай” уралдаан, тэмцээн явуулахад нийслэл хотын маань “зохион байгуулалт” яг тохирно, угтаа бол нөхцөл байдал маань шаардлагаас нь давж ч мэднэ.
Барилга байгууламжуудын орц, гарц, янз бүрийн замын шийдэл, гэр хорооллын мухар гудамж, уулын орой, үерийн далан дээрх айлууд, “чимээгүй хоттой” хаяа дэрлэсэн гэрүүд, хүн тээвэрлэж явахдаа унтарч, эсвэл шатчихдаг автобустай нийтийн тээврийн нөхцөл байдал, хогийн цэгүүд, үүн дээр нэмээд жавар тачигнасан өвлийн цагт утаа, угаарт үзэгдэх орчингүй болж, зундаа цэвэрлэх байгууламжийн үнэрт хордож, мансуурах боломжтой талаараа нэг сайхан танилцуулчихвал эрсдэлтэй аялалд дурлагсад Улаанбаатарт өрсөлдөх нь гарцаагүй.
Гэхдээ танилцуулгадаа зарим нэг үнэн байдлаа бага зэрэг “зөөлрүүлэхгүй” бол холбооны гишүүн олон орны хүмүүс ойлгохгүй “Монголчууд биднээр даажигнаж байна” гэж бодох вий гэдгийг эрхэм дарга танд сануулахад илүүдэхгүй буй за.
Өөр нэг зүйлийг онцлон сануулахад, хотын удирдлага дээрх саналыг минь хошигнол мэтээр хүлээн авалгүй, нийслэлчүүдэд өдөр бүр, минут тутамд тулгардаг үнэн бодит байдлыг тунгааж нэг бодоорой. Нийслэлийн нийтийн тээврээр зорчих нь үнэндээ экстрим уралдаанаас ч эрсдэлтэй болсныг олж нэг хараарай гэж хүсье.
2021.12.30
Энэ өдрийн их үдэд Гачуурт-Жуков чиглэлд зорчигч тээврийн автобус шатав. “Эмсит” ХХК-ийн эл автобусны хөдөлгүүрийн хэсэгт нь гал гарсны улмаас шатсан аж. Автобусны нас “өндөр” байжээ. Энэ явдлаас яг 10 өдрийн өмнө “Эрдэнэс транс” компанийн, Нарангийн гол-Дүнжингарав чиглэлийн автобус Саппоро орчмын замд шатсан юм. Шалтгаан нь мөн л насжилттай холбоотой болохыг албаныхан мэдээлсэн.
2021.12.31
Шинэ оноо угтах бэлтгэлээ базааж их хотынхон “үймэлдэж” дэлгүүр хоршоо, автобус унааны ачаалал дээд цэгтээ хүрсэн энэ өдөр ээжийгээ эмнэлэгт эргэхээр шөл хийгээд, гарлаа. Авто замын ачаалал ихтэй үед ихэнх тохиолдолд автобуснуудыг гар утасны аппликэйшнээр хаана явааг нь мэдэх боломжгүй болдог талтай. Энэ шалтгааны улмаас “радарт” баригдаагүй Ч:72 дугаарын автобустай азаар таарлаа. Хөгжим бүжгийн коллеж-Богдхан амралт чиглэлд явдаг, жижигхэн, цэнхэр автобусыг иргэд “тэнгэрийн амьтан” гэж ёгтолдог нь хүртээмж муу, оройн цагаар “олдохоо” больдогтой нь холбоотой. Ямартай ч “тэнгэрийн амьтнаа” хөлөглөөд явлаа. Хүйтэн гэж жигтэйхэн. Жолоочийн талын арын нэг цонх бага зэрэг завсартай байна. Тэвнэн чинээ нүхээр тэмээн чинээ салхи гэдэг дээ. Жавар тачигнасан өвөл цонхоо яагаад хаахгүй байгаагийн учрыг өмнөх өдөр нь үйлчлүүлэхдээ жолоочоос нь асуугаад ам руугаа “алгадуулсан” юм. Тэр өдөр автобусны хаалга талын цонх нэлээд завсартай байсан. Жолооч эмэгтэй “Наад цонх чинь хаагдахгүй ээ, хөлдчихсөн” гэж хээвнэг хариулах. “Бааздаа очоод, гэсэхээр нь хааж болоогүй юм уу. Өглөө хаачихаад гарч болсонгүй юу” гэсэн асуултыг минь “сонсолгүй” ширэв намжир хийх. Энэ өдөр таарсан эрэгтэй жолооч ч адил хариулт хэлэх биз гээд онгорхой цонхны талаар асуусангүй. Урд талд сууж явсан хижээл насны хоёр хүн харин “Араас салхилаад байх шиг. Ямар хүйтэн юм бэ, гадаа зогсож байгаагаас ялгаа алга” гэж ярилцах нь сонсогдоно. Тэдний зэргэлдээ суух настан хошуу нэмэрлэн “За даа, унаа олдож байгаа нь их юм болсон цаг шив” гээд цонхон дээр тогтсон цан хүүргийг маажив.
Ингэж явсаар 120 мянгатын буудалд дөхөж байтал зургаан зорчигчтой, жижиг цэнхэр маань гэнэт зогсчихлоо. Жолооч эр хэн нэгэнтэй гар утсаар ярьж байна. “…Мэдэхгүй ээ, өглөөнөөс хойш л эвгүй байсан…Юу гэнэ ээ, хоёр шарын хажуу дахь улаан утас юм уу…” гэснээ жолооны цаана ямар нэгэн зүйл ухаж, янзлаад автобусанд байгаа хүмүүсийг ч анзаарах сөхөөгүй. Зорчигчид хэдэн минут хэртэй байдлыг ажиглан чимээгүй суулаа, хөдлөх янзгүй. “Энэ ер нь мөдгүй байх” гээд өнөөх настан буухад бусад нь дагалаа.
Рогейн бол төлөвлөлт, стратеги, тактик, улс хоорондын навигац, хүний бие махбодын тэсвэр тэвчээр, сэтгэлийн хатыг шалгадаг спорт. Тэмцээнд оролцогч багууд газрын зурагт заасан цэгүүдээр дайрч өнгөрөхдөө өгөгдсөн даалгаврыг тодорхой хугацаанд амжуулах шаардлагатай. Ингэхдээ заасан цэгүүдэд очиход эрэмбэ дараалал гэж үгүй, хэзээ түүгээр явж өнгөрөхийг багийн гишүүд өөрсдөө шийдэж, төлөвлөнө. Тэмцээний дүрмийн дагуу явганаар, унадаг дугуйгаар, цанаар гэх мэтээр аяллыг үргэлжлүүлэхдээ газрын зураг, луужин, бугуйн цаг ашиглаж орон зайн баримжаа тодорхойлно. Навигацын төхөөрөмж, хиймэл дагуулын хүлээн авагч ашиглах нь хатуу хориотой. Тамирчдыг халуун хоолоор хангадаг төв баазыг тодорхой нэг цэгт байгуулдаг бөгөөд хүссэн үедээ тэнд очиж, хооллож, амарч болно.
Хоол, цайгаа “чирсээр” 120 мянгатын автобусны буудалд ирлээ. Ч:7 дугаарын автобусанд суугаад цааш явлаа. Бас л хүйтэн, цонхнууд нь битүү цас, мөс. Зарим цонхонд хүмүүс жижиг “нүх” гаргасныг эс тооцвол хөлдөөгчид байгаа мэт. “Нисэх-МУИС” гэсэн хаягтай эл автобусны орох хаалганы хэсэгт шалны хулдаас нь урагдаж, сэртийжээ. Хоёр ч хүн бүдрэх шахав. Нэг залуу зориуд сэртгэр хэсэг дээр зогсоод “тэгшлэхээр” оролдоод тусыг эс олов. Зорьсон газартаа хүрэхийн тулд унаагаа дахин нэг юүлж, иргэдийн нэрлэдгээр “жаран хөлт” хэмээх урт, цэнхэр троллейбусанд суулаа. Амнаас уур савсахгүй, харьцангуй тухтай явлаа. Хөлийн үзүүр нэлээд даарсан байсан нь “гэсэх” янзтай, гурван буудлын дараа буув. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан эмнэлгүүд эргэлтийг тэр бүр хүлээн авахгүй байгаа ч өндөр настай ээжид минь хоол, цайг нь цааргалахгүй оруулах болов. Эмнэлгийн үүдний хэсэгт 10 хүрэхгүй минут зогсож, дулаацаад эргээд их хотын экстрим “аялалдаа” гарлаа. “Адал явдал” багатайхан явчих юм сан. Гэтэл бас л санаснаар болсонгүй. Буцах замдаа жолоочийн тамхины утаанд хордож, үүнийг нь хэлснийхээ төлөөсөнд хоёр иргэний хамт автобуснаас хөөгдөх шахав, хөөрхий. Уг нь бид нийслэлийн нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлж байгаа ч тухайн жолоочийн хувийн машинд суусан мэт “жижгэрч”, авир занд нь тааруулахаас эхлээд зовлон их.
Хугас өдрийн хугацаанд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ учирсан үйл явдлын өчүүхэн хэсгийг энд сийрүүллээ. Бүгдийг бичнэ гэвэл бүтэхгүй нь ойлгомжтой. Өдөр бүр тохиолддог энэ мэт үйл явдал, иргэдэд учирсан жишээ, тохиолдлуудын талаар бичвэл бүр хэдэн зуун боть болно. Хэчнээн цаг, минут хүлээсэн автобусандаа хэрхэн чихэлдэж, яаж явсан, ямар их даарсан, эсвэл халууцсан, шатах шахсан гээд тоочвол дуусахгүй. Гэхдээ эдгээрийг азнаад, энэ удаагийн зорилго минь нийслэлийн нийтийн тээврийн автобуснуудын техникийн нөхцөл байдал, хүртээмж, цэвэрлэгээ, үйлчилгээ, жолоочийн авир байдлыг илүүтэй өгүүлэх. Энэ бол хэвлэл мэдээллийнхний байнга л бичдэг сэдэв боловч засарч, сайжирдаг ч үгүй бухимдам асуудал. Энэ бол нийслэлчүүдийн хамгийн эмзэг асуудлын нэг.
Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 970 автобус үйлчилдэг, яаралтай ослын үеэр гаргахаар нөөцөнд байлгадагтайгаа нийлээд 1200 унаатай гэсэн статистик бий. Энэ тоо бараг сүүлийн 10-аад жилд өөрчлөгдөөгүй гэхэд хилсдэхгүй. Харин нийслэлд оршин суугчдын болон барилга байшин, хотхон, хорооллын тоо жил ирэх бүрт хэдэн арав, зуугаар нэмэгдсээр. Энэ хэрээр нийтийн тээврийн унаа нэмэгдэх учиртай ч урвуу тогтолцоотой явж ирлээ. Нийслэлийн иргэдийн олонхын хөл дүүжлэх унаа болсон өнөөх 1200-гийнх нь талаас илүү нь “өвгөн” буюу актлах болсон. Өөрөөр хэлбэл, ийм автобус үйлчилгээнд явуулж байгаа нь шуудхан өчихөд гэмт үйлдэл юм. Албаныхны мэдээллээр бол нийт 530 гаруй автобусны ашиглалтын хугацаа энэ онд дуусна. Тэдгээрийн оронд 500-600 шинэ автобусаар парк шинэчлэл хийхээ, эдгээрийн нэлээд нь цахилгаан хөдөлгүүртэй байх талаар нийслэлийн удирдлага өнгөрсөн онд хэдэнтээ мэдээлсэн. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Улаанбаатар хотын түгжрэлийг цогцоор нь шийдэхэд жилд 420 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа 960 гаруй автобусны 70-80 хувийг шинэчлэх шаардлагатай. Эхний ээлжид 106 автобусыг шинэчилж, 2022 онд 350, 2023 онд 150-ийг нь шинэчлэхээр төлөвлөсөн” гэсэн бол хамгийн сүүлд гэхэд л өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд нийслэлийн Засаг даргын төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг “2022 онд 500 автобусыг шинэчилнэ. Авто замын 161 уулзвар, гарцыг дахин инженерчлэлд оруулна. Ирэх гурван жилд түгжрэл бууруулахад 1.2 их наяд төгрөг зарцуулна” гэж танилцуулсан. Гэхдээ энэ амлалтаа биелүүлэх хугацааг тодорхой хэлээгүй. Ямартай ч 2022 онд гэсэн учраас нэхэх цаг нь эхэлснийг сануулъя.
Хуучин автобуснуудыг шинэчлэх нь хөрөнгө мөнгө шаардсан том ажил гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Энэ ажлыг булхай багатайхан хийгээд, олон улсын стандартад нийцсэн унаа оруулж ирээсэй гэж хүсье. Үүнээс өмнө нийтийн тээврийн автобуснуудынхаа цэвэрлэгээ, ариутгалд анхаарч өгнө үү. Энэ бол овойсон их мөнгө, олон янзын тендер, гэрээ зэргээс шалтгаалах асуудал биш. Ердөө сэтгэл, хяналт, хариуцлага байхад л болох ажил. Суухаас ч сэжиг хүрэм бүрээс, барихаас ч аймаар багана, тулгуур буух хэсэгт байрлуулсан хогийн сав, зарим суудлын хажууд хавчуулсан юуны ч юм бүү мэд канистр, бас шалных бололтой алчуур, карт уншуулах хэсгийн цахилгааны утас, цар тахлаас сэргийлэхээр энд тэнд нь бэхэлсэн ариутгалын бодисны сав, жолоочийн бүхээгийг тусгаарласан “хөшиг”. Энэ бүхнийг угааж, цэвэрлэх, цэгцлэхэд хэн анхаарч, хариуцах ёстой вэ. Жолоочид хэлээд болчихдог бол хэдийн цэгцэрчих байлаа. Харамсалтай нь, өөрчлөлт харагдахгүй байна.
Мөн өөрийн хүссэн дуу, хөгжмөө хэт чангалж зорчигчдыг тавгүйрүүлэхээ болино уу, эрхэм жолооч нар аа. Буудлаа зарлаж байхгүй бол “хөлдөөгчний” цонх чинь мөстсөнөөс болж настай хүмүүс, хүүхдүүд буудлаа андуурах явдал гараад байна. Өчигдөр 20.00 цагийн үед буудал андуурч буусан охин “Сансар луу явах автобус энд зогсдог уу” гэж гурван ч хүнээс асуужээ. Нөгөөдүүл нь мэдэхгүй гэж. Охин зорьсон газрынхаа эсрэг зүгт явах автобусны буудал дээр хагас цаг орчим ийнхүү зогссон аж. Энэ мэт тохиолдол нийслэл хотын автобусны буудлуудад болж л байдаг. Ийм учраас л нийслэлийн нийтийн тээврийг экстрим хэмээн тодотголоо, эрхэм мээр та болгооно биз ээ. Тийм учраас л рогейн хэмээх эрсдэлтэй, адал явдалтай аяллыг энэ хотод зохион байгуулбал амжилт олох магадлалтай гэснийг бас тунгаана буй за.
Өнгөрсөн оны сүүлчээр гаргасан өөр нэгэн шийдвэрийг ч энэ ташрамд дурдъя. Учир нь нийслэлийн нийтийн тээврийн хөгжилд хэрэгтэй багагүй мөнгө, хөрөнгөтэй холбоотой учраас тэр. УОК-ын дарга С.Амарсайхан нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа “2021 оны зургадугаар сар гэхэд хотын иргэд дүүжин тээврээр үйлчлүүлж эхэлнэ” хэмээгээд Баянхошуу, Ханын материал, III, IV хороолол чиглэл “тэнгэрийн унаатай” болгохоор ашиглалтын өмнөх захиргаа хүртэл байгуулсан. Гэхдээ эл үлгэрийг 2021 онтой хамт жаргаахаар “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг татан буулгах шийдвэрийг өнгөрсөн сарын 30-нд нийслэлийн ИТХ-аас гаргасан. Мөрөөдлийн тээврийн хэрэгсэлд зарцуулах багагүй төгрөгийг “Шилэн данс” системд байршуулсан гэж байсныг, үүнийг цаашид хэрхэх, юунд ашиглах талаар ч иргэд чих тавих, мэдэх эрхтэйг сануулъя. Нийтийн тээврийн автобусны шинэчлэлд энэ мэт хөрөнгийг татах боломжтой, эсэх талаар нэгэн иргэн асуусныг үүгээр дамжуулъя.