
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн шийдвэрээр өнгөрсөн бямба гаргаас усны үнийг нэмэгдүүлсэн тарифаар тооцож эхэлснийг Ус сувгийн удирдах газраас мэдээллээ. Тодруулбал, нийслэлийн гэр хорооллын ус түгээх байруудаар нэг литр усыг хоёр төгрөгөөр борлуулж эхэлжээ. Мөн орон сууцын айлууд усны тоолууртай нь нэг литр цэвэр ус тутамд 1.07, тоолуургүй нь 1.56 төгрөг төлнө. Аж ахуйн нэгж, байгууллагууд 2.07-3.11 төгрөг зарцуулах юм байна. Харин бохир усны төлбөрт тоолууртай айлууд 0.87, тоолуургүй нь 1.56 төгрөг ногдох бол аж ахуйн нэгж, байгууллагууд 1.8-3.7 төгрөгийн төлбөр төлөх аж. Энэ нь бохир болон цэвэр усны нэг литрийн төлбөр 50-100 хувиар өссөн дүн болов.
Бэлтгэсэн С.Дулам