
Майдарын ногоон морь, буяны аргамжаа, цагаан арслан, хүслийг хангагч, сэтэрлэсэн малын дүр бүхий сийлбэрүүд, зандан хайрцаг, сэндом шүтээн, бурхдын болон гэсгүй нарын дүр, шүнгийн сав, хонх дамрын хайрцаг, маанийн зургаан үсэг, даллагын сумны хайрцаг, шогол гээд нэрлэхээр юуны тухай болох нь ойлгогдоно. “Мандала” төрийн бус байгууллагаас Үндэсний музейд “Далай Чойнхор вангийн хошууны бурхны шашны модон эдлэл, соёлын дээжис” үзэсгэлэнг өчигдөр нээлээ. Энд дэлгэсэн үзмэрүүд нь XIX зууны дунд болон сүүлч, XX зууны эхэн үед монгол урчуудын модоор сийлж, шороон будгаар хээ хуар тавьж бүтээсэн эдлэл, шашны хэрэглэл голдуу юм. Мөн сэдэвчилж, зохиомжилсон нь ч байна. Тухайлбал, Бурхан багш, Богд Зонхов, ловон Бадамжунай нарыг шавь нарын хамтаар урласан байх аж. “Мандала”төрийн бус байгууллагын тэргүүн С.Батбаяр “Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу гэдэг нь одоогийн Завханы Их-Уул, Тосонцэнгэл, Хөвсгөлийн Галт, Шинэ-Идэр, Жаргалант, Архангайн Цахир, Тариат зэрэг гурван аймгийн 10 гаруй сумыг хамарсан нутаг байсан. Энэ бүс бол газар зүйн байршил, байгалийн үзэсгэлэнгээр хамгийн сайханд тооцогддог, хүн ам харьцангуй шигүү суурьшиж ирсэн, тэр хэрээр мал олонтой, түүхээр ч баялаг нутаг. Монголын сүм, хийдүүдийн томоохон дурсгал болсон газруудын нэг Тариатын хүрээ энд байлаа. Тус хүрээний лам хуврагуудын хэрэглэж байсан модон эдлэл, түүх, соёлын дурсгалыг цуглуулагчийн хувьд эдгээртэй холбоотой түүхэн мэдээллийг олон түмэнд хүргэх зорилгоор энэ үзэсгэлэнг гаргаж байна. Далай Чойнхор засаг ноён Г.Цэдэнсоном бол Чингис хааны алтан ургийн үе залгамжлагч, Богд хаант Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн юм. Түүний мэндэлсний 140 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнтэй хамтарч эрдэм шинжилгээний бага хурал ч хийсэн. Энэ үзэсгэлэнг ч тус хүрээлэнтэй хамтран гаргаж байна” гэсэн юм.
Бэлтгэсэн Р.Оюунаа