
Замын түгжрэлийг бууруулахын тулд ерөнхий боловсролын зарим сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар судалж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, түгжрэл ихтэй газруудад байрладаг сургуулиудын хичээл эхлэх болон тарах цагийг өөрчлөх талаар нийслэлийн Боловсролын газрынхан хэлэлцэж буй юм байна. Эхний ээлжид Их тойруугийн гудамжинд байрладаг, төрийн өмчийн 27, хувийн хэвшлийн 36, нийт 63 сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг судалж буй гэнэ. Нийслэлийн Боловсролын газраас мэдээлснээр сургуулиудын удирдлага болон эцэг, эхчүүдийн хүсэлтэд тулгуурлан уг асуудлаар санал боловсруулж, холбогдох байгууллагуудад уламжлан, шийдвэрлүүлэх юм байна. Түүнчлэн багш нарыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах санал гаргахаар төлөвлөжээ.