
Манай улс коронавирусийн түгшүүрт автаад гурав, дотооддоо халдварын тохиолдол бүртгээд жил гаруй боллоо. Энэ хугацаанд нийгэмд олон үзэгдэл, үйл явдал, зөрчил, тэмцэл өрнөв. Гэнэтийн сорил, давагдашгүй хүчин зүйлийн өмнө барьц алдаж, дээр, дооргүй сандралдлаа. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэй аливаа харилцааг зохицуулах, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах, халдвараас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ тархалтыг нь хумих, нийгэмд учрах сөрөг нөлөөллийг бууруулах үүрэг хариуцлага төрд ногдов. Цаг үеийн энэ шаардлагаас үүдээд УИХ Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг дотоодод анх халдвар бүртгэснээс таван сар орчмын дараа баталсан байдаг.

Гэвч үүнийг боловсруулахдаа шаардлагатай тооцоо, судалгаа хийгээгүйгээс, хөнгөн хуумгай хандсанаас, холбогдох эрх зүйн баримт бичиг, актуудтай уялдуулаагүйгээс нийгэмд эмх замбараагүй, ойлгомжгүй байдал үүсэж, хүний эрхийг олон талаар зөрчих суурь шалтгаан болсон хэмээн судлаач, мэргэжилтнүүд хөндөж, анхааруулсаар ирэв. Хүний эрхийн үндэсний комисс, “Нээлттэй нийгэм форум”-ынхан холбогдох байгууллагуудтай хамтран цар тахлын үеийн хүний эрхийн зөрчил, тулгамдсан асуудлуудыг судалсны үр дүнд тус хуулийг ихээхэн “маапаантай” гэж дүгнэв. Хуульч, өмгөөлөгчид ч олон дутагдал илрүүлж, илчлэв. Хүний эрхийн талаар ойлголт, мэдлэгтэй, мэдрэмжтэй залуусаас эхлээд жирийн иргэд хүртэл “Ковид”-ын хэмээх тодотголтой, урт нэртэй хуулийн “но”-г олж харж, нийгэмд дуу хоолойгоо хүргэв. Гэтэл энэхүү хуулийг баталсан төрийн түшээд, хэрэгжилтэд нь хяналт тавих хариуцлагатай үүрэг хүлээсэн эрхэм гишүүд амаа үдүүлсэн мэт байсаар өнөөдөртэй золгов.

“Ковид”-ын хуулийн 6.2-т “Хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий түр хороог УИХ-ын бүх Байнгын хорооны болон УИХ дахь цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулна” гэж тусгасан. Энэ дагуу УИХ 2020 оны тавдугаар сарын 13-ны 49 дүгээр тогтоолоор дээрх үүрэг бүхий түр хороог байгуулсан юм. Үүнээс таван сар орчмын дараа түр хорооны бүрэлдэхүүнийг дахин шинэчлэхдээ Н.Алтанхуяг, Т.Доржханд, С.Ганбаатар, Б.Бейсен, М.Оюунчимэг нарын нэр бүхий 14 гишүүнийг багтааж, даргаар нь УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрийг томилсон нь одоо ч хэвээр байна. Гэтэл энэ хүмүүс цар тахлын үед иргэдийн дуу хоолой болж ажилласангүй, үүргээ биелүүлж чадсангүй. Холбогдох хуулийн асуудлыг ул суурьтай хэлэлцэх байтугай энэ талаар ганц үг ганхийлгүй “ичээндээ” бүгэв. Үүний улмаас “Ковид”-ын хуулиас үүдэлтэй алдаа завхрал, сөрөг нөлөө гаарч, тэр бүрт иргэд эрүүл мэнд, эдийн засгаараа хохиров.

Өмгөөллийн “Фиделитас партнерс” фирмийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Наранцэцэг “Ковид”-ын хууль асуудал дагуулаад буйн үндсэн шалтгаануудын нэг нь түр хорооны үйл ажиллагаа хангалтгүй байгаатай холбоотой. Хууль хэрэгжүүлэх явцад хүний эрхийн зөрчил цөөнгүй удаа гарсан нь тус хороо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хэрэгжилтэд хяналт тавиагүй, хэрэгжүүлэх ажил зохион байгуулаагүйтэй шууд хамааралтай” гэж дүгнэсэн бол “Дочи партнерс” фирмийн зөвлөх, хуульч Н.Өлзий-Учрал “Цар тахлын цаг үед төр, иргэний хооронд үүссэн зөрчил, үл ойлголцлууд Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд дүн тавьж байна. Уг нь энэ харилцааг зохицуулах гэж хууль баталсан. Гэтэл хууль нь нийгмийн харилцааг зохицуулж чадахааргүй, үлбэгэр, муу болсон. Олон удаа нэмэлт, өөрчлөлт оруулаад ч сайн болж чадаагүй. Энэ хуульд хяналт тавих түр хорооныхон ажлаа мэдэхгүй байгаа юм биш. Харин үл ойлголцол, будилааны эх үүсвэр болсон уг хуулийн сул талыг олж харсан учраас чанга дуугардаггүй” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, түр хорооны гишүүд эл хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө бус, гоомой байдал, алдаа завхарлыг нь хаацайлахын тулд ажилладаг гэсэн байр суурийг мэргэжлийн хүмүүс ийнхүү илэрхийлсэн юм.

Цар тахлын үеийн нийгэм, эдийн засгийн харилцааг зохицуулах зорилгоор баталсан хуульд “Түр хороо нь хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавьж, шаардлагатай бол холбогдох Байнгын хорооны хуралдаанаар тодорхой асуудлуудыг хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ” хэмээн заасан байдаг. Энэ дагуу бол түр хороо өнөөдрийг хүртэлх хугацаанд 19 удаа хуралдсан байх ёстой. Гэтэл байгуулагдсанаас хойших 1.7 жилийн хугацаанд 12 удаа хуралдсан гэдгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын албанаас мэдээллээ. Тэдний хэлснээс үзвэл тус хороо долоон удаагийн хэлэлцүүлгийг өнжжээ. Гэхдээ 12 удаа хуралдсан гэдэг нь ч ташаа мэдээлэл байх магадлал өндөр. Учир нь, сүүлийн саруудад дээрх хуулийн хэрэгжилтийг онцгойлон судалж, төр, засгийн бодлого, шийдвэрт чих тавьж, холбогдох байгууллагуудтай энэ чиглэлээр нягт хамтран ажилласаар ирсэн өмгөөлөгчид түр хороо хуралдахыг нүдээ ширгэтэл харуулдсан тухайгаа хэлж байв. Тэдний зарим нь “Ёсыг бодож ганц удаа ч болов хуралдсан байлгүй” хэмээн ёжилсон. Нэг, хоёр бус, 12 удаагийн хуралдаан, хэлэлцүүлгийг мэдэлгүй, анзааралгүй өнгөрүүлнэ гэж байх уу. Эсвэл тэд нээлттэй хэлэлцүүлнэ гэснийг нууцаар хуралдана гэж ойлгоод, “вакуум” орчинд цугласан юм болов уу. Үнэхээр хачирхалтай.

“Ковид”-ын хуулийн биелэлтэд хяналт тавих чиг үүрэгтэй түр хороо өнгөрсөн хугацаанд юу хийв гэсэн асуултыг Б.Баттөмөрт тавихад Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын албаны даргаар дамжуулан баахан тайлан тавив. “Улсын онцгой комиссоос хэрэгжүүлсэн арга хэмжээ, ажлын зохион байгуулалтын талаар асууж, тодорхой хариулт авлаа”, “Холбогдох байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо”, “Эдийн засгийг сэргээх, сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр түр хорооны гишүүд санал солилцлоо”, “Цар тахлын нөхцөл байдал, эмчилгээ, үйлчилгээний хангамж, хүртээмж, дархлаажуулалтын явцын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өглөө” гэсэн албаны, “хуурай” мэдээ танилцуулав. Эндээс харахад, түр хорооны гишүүд асуулт асуух, холбогдох албан тушаалтнуудыг байцаах, нэгнийхээ санал, сэтгэгдлийг сонсох л “ажил” хийжээ, өнгөрсөн хугацаанд.

Иргэдэд ээлгүй, үндэслэлгүй шийдвэр, зохицуулалтуудаас болж, нийгэмд адлагдаж, бие махбод болон сэтгэл зүйн хохирол амссан иргэн цөөнгүй. Олон хүн эх орондоо ирэх эрхээ хязгаарлуулж, харийн оронд гудамжинд гарсан. Хүчин төгөлдөр бус шийдвэрээр, дэлхийн хаана ч байхгүй урт хугацаагаар тусгаарлагдсан иргэд тухгүй орчинд өдөр, хоногийг өнгөрүүлэхдээ уух ус, унтах орныхоо мөнгийг өөрсдөө гаргаж, давхар хохирсон. Нийслэл болон орон нутгийн удирдлагын уялдаагүй, цагаа олоогүй шийдвэрээс болж, эмнэлгийн хаяа бараадаж чадалгүй нас барсан хүн ганц, хоёроор тогтохгүй. Гэтэл энэ үед түр хорооны гишүүд хаана байв, юу ярив, эдгээр асуудлыг шийдвэрлэхэд ямар нөлөө үзүүлэв гээд судлахаар гялайж гялтайх зүйл юу ч алга. Өөрсдийнх нь өгч буй мэдээлэл, хурлын тайлангаас үзэхэд ч энэ бүхэн илэрхий харагдана.

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хугацааг дахин хагас жилээр сунгах шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт гаргасан. Энэ нь тус хуулийг дөрөв дэх удаагаа сунгасан тохиолдол юм. 1.6 жилийн хугацаанд 90 гаруй удаа “хөндөгдсөн” эл хууль ирэх зургадугаар сар хүртэл үйлчилнэ гэсэн үг. Түүнээс цааш хэрхэх, эсэх нь тодорхойгүй. Тэгвэл хуулийн биелэлтэд хяналт тавих чиг үүрэгтэй түр хорооныхон ч зуны эхэн сар хүртэл ажлаа хийх ёстой юм. Тэд урьдынх шигээ нууцаар хуралдсаар, тулга тойрсон асуудал хэлэлцсээр өнгөрөөвөл түр хороо байгуулсны үр ашиг ер гарахгүй нь, цар тахлын цаг үед. Харин эсрэгээрээ, ажилласан шиг ажиллаж чадвал нэг боловч хүний эрх зөрчигдөхөөс, ганц ч гэсэн аж ахуйн нэгж хаалгаа барихаас сэргийлж чадна. Тэрчлэн коронавирусийн шинэ хэлбэрийн тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийн бэлэн байдлыг хангахад тодорхой хэмжээнд нөлөөлөх боломжтой.
