
Татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрддэг улсын төсвийг хэн, хэрхэн зарцуулж, ямар үр ашиг гаргаж буй талаар асуух, мэдэх эрх татвар төлөгчдөд бий. Хэвлэл мэдээллийнхэн гүүр болох ч учиртай. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ээлжит хуралдаанаараа Засгийн газраас өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонссон юм. Засгийн газрынхан буюу яамдын удирдлага салбар, салбарынхаа хүрээнд тус төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн мөнгөнөөс хэдийг юунд зарцуулсан талаараа цухас ярьж, Байнгын хорооны гишүүд сонсож, асуулт тавьж, санал хэлсэн юм. Яамдаас голдуу дэд сайд нар нь хариулж байлаа.
Хуралдааныг ажиглахад, нэжгээд асуудал шийдчих хэрийн цараатай 10 их наядын төлөвлөгөөний биелэлт цаасан дээр тайлан байдлаар боломжийн, зөрчилгүй мэт харагдаж буй ч нийгэм, эдийн засагт, хүн ардын аж амьдралд нэмэр болсон бодит үр ашиг багатай юм гэсэн дүгнэлт хийхээр байна.
Хамгийн тод жишээ бол 2021 онд эдийн засагт тулгамдсан хил, гааль дээр гацсан ачааг зохицуулах талд түргэн шуурхай ажиллахгүй байсаар чухал бараа, ялангуяа эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол үүсэх байдал нүүрлүүлж, зарим талаар үнийн өсөлтийг гааруулсан нь иргэдийн халаас, амьдралд шууд нөлөөлснөөр худалдан авах чадвар буурч, ядуурал нэмэгдсэн “үр дүн”-д хүргэжээ. Энэ мэтчилэн салбар бүрт хариу нэхсэн асуулт, асуудал нэмэгдсэн үү гэхээс байдал төдийлөн сайжирсангүй. Байдал ийм байсаар атал “Энэ төлөвлөгөөг ингэж хэрэгжүүллээ. Ийм үр дүн гарлаа” гээд л телевизүүдээр нэвтрүүлэг цацаад эхлэх байх гэхээс нүүр чимчигнэх ч шиг.
УИХ-ын гишүүдийн асуулт, Засгийн газрын холбогдох байгууллагын төлөөллийн хариулт дундаас өнгөрсөн онд эрх баригчид шулуухан хэлэхэд өөрсдийгөө сайнаар, гоё харагдуулах чиглэлд илүүтэй анхаарсныг, улмаар МАН-аас хууль тогтоох байгууллагад сонгогдсон гишүүд ч хүлээн зөвшөөрч байгаа нь ойлгогдож байлаа. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хурал удирдах явцдаа “Пиар хэтэрвэл нийгэмд хүлээлт их үүсдэг. Хийж чадах юмаа амлаж баймаар байна. Нэгэн үе МАН-ынхныг хийсэн ажлынхаа талаар мэдээлдэггүй, пиар байхгүй гэж шүүмжилдэг байсан. Энэ талд анхаарч эхэлснээр, сүүлдээ хэтрүүлэх гээд байх болж” гэсэн утгатайгаар ярив. Үүнтэй санал нэг байна. Олон нийт ч мэддэг, бүр залхах тийшээ болсон. Эрх баригчид заримдаа бусдын дургүй хүртэл өөрсдийгөө магтуулдаг нь үнэн билээ. Хэдхэн хоногийн өмнө sonin.mn сайтынхан “Л.Оюун-Эрдэнийн үг цөөрч, үйлдэл чангарч байна” гэж бичсэнийг уншсан хүмүүс хэн, хэнийг нь шоолон инээж байсан юм. Улсын Ерөнхий сайд тулгамдсан, тухайлбал, Оюутолгойн асуудлаар ончтой шийдвэр гаргасан байж болох юм. Юу болсон талаар бүгд мэдээлэлтэй байхад ийнхүү болхи байдлаар магтан дуулуулах гэж оролдох нь зохисгүй. Орчин үе шүү дээ. Хүмүүс бүхнийг алган дээрээ буй мэт харж, дүгнэлт хийж байгаа. Яагаад энэ тухай яриад байна вэ гэхээр, учиртай.
2021 он манай улсын хувьд цар тахлын идэвхжлийн жил байв. Халдвар авсан нь батлагдсан хүний тоо хоногт 3000-ыг давж, 20-иод хүн нас барж байлаа. Энэ цөвүүн цагт хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах нь чухал байсан бөгөөд аливаа наадам, цэнгээнийг тэвчиж болох атал Засгийн газар, Соёлын яам “Тэр хамаагүй” гэх лүгээ адил Хүй долоон худагт мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид болон чөлөөт уран бүтээлчдийг хуарагнуулан байж наадмын хэмээх контентыг хэл ам, “хараал”-ын дунд хийснийг мартаж болохгүй. Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Цар тахлын үед 1059 тоглолт, контент бэлтгэжээ. “Карантин 14”, “Ковидгүй зуны төлөө”, “Мэдээллийн урсгал” гэхчлэн нэрлэсэн байна. Тухайн үед эдгээрийг улсын төсвөөс хийгээгүй, уран бүтээлчид өөрсдөө хийж байгаа юм гээд байсан. Энэ нэвтрүүлгүүдийг төсвийн хөрөнгөөр хийсэн юм уу. Тийм бол хэдэн төгрөг зарцуулсан бэ” гэж асуухад Соёлын дэд сайд М.Батбаяр “10 их наядын төлөвлөгөөнд манай яамны шууд хариуцах гурван асуудал байсан. Энэ нь нийгмийн сэтгэл зүйг дэмжих, соён гэгээрүүлэх арга хэмжээнүүд бөгөөд нийт найман контент бэлтгэж, 16 телевизээр давхардсан тоогоор 5.2 сая хүнд хүргэсэн. Гэхдээ 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээний мөнгөнөөс зарцуулаагүй. Харин “Наадам” контентыг Ардын хувьсгалын ойг тэмдэглэн өнгөрүүлэх зардлаас 980 сая төгрөг гаргуулж хийсэн” хэмээн хариулна билээ. Дэд сайдын хэлснээр нэр бүхий найман контентод уг төлөвлөгөөний хүрээний мөнгөнөөс аваагүй юм байж. Тэгвэл бусад 1051-т үүнээс зарцуулсан уу. Үгүй юм бол яагаад энэ тоо бүхий тайланг зөвхөн “10 их наядын” асуудал хэлэлцэх хуралдаанд оруулж ирэв. УИХ-ын гишүүн Б.Энхбаярын асуултад Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хариулахдаа “Сошиал контентод улсын төсвөөс нэмэлт зардал гаргаагүй. Соёлын сайдын багцын хүрээнд ямар зохицуулалт хийснийг Соёлын яамны төлөөлөл хэлэх байх” гэж хариулсан. Тэгэхэд нь Байнгын хорооны дарга “Тэр ч гэсэн татвар төлөгчдийн мөнгө шүү дээ” гэнэ билээ. Хэл ам дагуулан байж бүтээсэн контентуудын эргэн тойронд УИХ-ын гишүүд, яамдын төлөөлөл ийнхүү яриад өнгөрөөлөө. Асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед гишүүд асууж тодруулах хэрэгтэй санагдсан.
Манай улс “Ковид-19”-ийн эсрэг хамгийн өндөр зардал гаргасан улсаар нэрлэгдэж буй ч нийгэм, эдийн засаг сайжирсан юмгүй, тэгсэн хэрнээ ийм цаг үед улсын төсвийн 10 их наяд төгрөгийг үр ашиг муутайгаар урсгачихыг байж боломгүй үзэгдлээр нэрлэмээр.
Аль ч салбарын сайдын зарцуулбал зохих хөрөнгийн багц гэж байдагчлан Соёлын сайдынхад бас бий. Сангийн дэд сайдын хэлсэнчлэн, Соёлын сайд багцаасаа цаг үеийн байдалтай уялдуулж авч үзэхэд онцын шаардлагагүй, мөн үзэгчдийн талархлыг хүлээх бус, харин ч зэвүүцэл төрүүлсэн контентуудад хэдий хэрийн хөрөнгө зарцуулсныг судлах, шалгах буй за.
Засгийн газар ч тэр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хэмээн сүр дуулиантай зарласан хэрнээ эмч нарын, ялангуяа цар тахлын голомтод ажилласан эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэх асуудлыг үүнд хамааруулаагүй нь хачирхалтай. Үүнийг ч шүүх л ёстой байх. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг уг төлөвлөгөөний хэрэгжилт, ялангуяа хөрөнгийн зарцуулалтад аудитын шалгалт хийлгүүлэх, ажлын хэсэг байгуулах шаардлага байна гэж үзэж буйгаа хэлсэн. Арга ч үгүй байх. Манай улс “Ковид-19”-ийн эсрэг хамгийн өндөр зардал гаргасан улсаар нэрлэгдэж буй ч нийгэм, эдийн засаг сайжирсан юмгүй, тэгсэн хэрнээ ийм цаг үед улсын төсвийн 10 их наяд төгрөгийг үр ашиг муутайгаар урсгачихыг байж боломгүй үзэгдлээр нэрлэмээр.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл саяхан “Эрх баригчид эдийн засгаа биш, харин пиараа эрчимжүүлэхэд л анхаарч байна” гэж мэдэгдсэн. Санал агаар нэг. Үүнийг нь телевийн “од” Лодойсамбуу батлах мэт “Би хүмүүсийн яриад байгаа шиг “Мэдээллийн урсгал” нэвтрүүлгийг өдөрт 10 саяар хөтлөөгүй шүү. Өдрийн ажлын хөлс нэг сая байсан. Арван өдөр хөтлөөд 10 саяыг авсан” гэв. Түүнчлэн эрх баригчид бодлогоо сэм шургуулсан агуулга бүхий уг контентыг арав гаруй телевизээр цацсанд буруутгах учир бий. Түүнийг бэлтгэхэд “10 их наядын төлөвлөгөө” хэрэгжүүлэхэд төсөвлөсөн хөрөнгөөс ч, Соёлын сайдын багцаас ч хөрөнгө гаргаагүй, харин Телевизүүдийн холбоо санхүүжүүлсэн гээд байгаа. Тийм байлаа ч ийм олон телевизээр цацах нь эрх баригчдад ил цагаан үйлчилсэн увайгүй үйлдэл байсныг олон нийт илчилж, шаардан байж болиулсан нь хуучраагүй түүх. Тэгээд ч эрх баригчдын, төр, засгийн холбогдолтой мэдээллийг нэг сувгаар түгээнэ гэж тэмүүлэх, учир утгагүйгээр улайрах нь ардчиллын замыг сонгон урагшлахаар уухилж буй улсын хувьд гэнэн агаад хөөрхийлөлтэй санаархал. Үүнд улсын төсвөөс ч байна уу, ямар нэг төсөл, хөтөлбөрийн хүрээний, сайдын багцын ч тэр хөрөнгөөс зарцуулж үл болно.
О.Цогтгэрэл гишүүний үгийг зээлдэж хэлэхэд, эрх баригчид пиараа бус, эдийн засгаа эрчимжүүлэхэд анхаарсугай.