
Монгол Улсын иргэн бүрт иргэний бүртгэлийн дугаар олгожээ. Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлснээр иргэний үнэмлэхийнхээ QR кодыг гар утсаараа уншуулснаар уг дугаараа мэдэж болох аж. Иргэний бүртгэлийн дугаар нь 12 оронтой бөгөөд хүн бүрийнх дахин давтагдахгүй өөр, бас паспорт шинээр авахад ч өөрчлөгдөхгүй, хувь хүний ямар нэгэн мэдээллийг илэрхийлэхгүй тоонууд гэнэ. Уг дугаарыг хэрэглээнд нэвтрүүлснээр төрийн болон бусад байгууллагууд өөр хоорондоо мэдээлэл солилцохдоо ашиглах боломж бүрдэнэ. Мөн иргэн ч үйлчилгээ авахдаа уг дугаараа ашиглах аж. Өөрөөр хэлбэл, хүний олон төрлийн хувийн мэдээллийг агуулдаг регистрийн дугаараа асуусан болгонд хэлэхгүй, оронд нь иргэний бүртгэлийнхийг ашиглах боломж бүрдсэн аж. Үүнтэй холбоотойгоор регистрийн дугаарыг устгах нь гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газраас энэ талаар “Регистрийн дугаар нь тухайн иргэний хүйс, төрсөн он, сар, өдөр, газар зэрэг хувийн мэдээллийг агуулсан тул нууцлах ёстой байдаг. Гэсэн хэдий ч иргэд цахим үйлчилгээ авах зорилгоор уг дугаараа ашиглахаас өөр аргагүйд хүрч байна. Тиймээс оронд нь иргэний бүртгэлийнхийг ашиглах боломж бүрдүүлсэн. Түүнээс биш регистрийн дугаарыг ашиглахаа больсон хэрэг биш. Уг дугаар нь хувь хүний нууцад хамаарах тул ямар нэгэн үйлчилгээ авахад ашиглахыг таслан зогсоож буй юм” гэв.