
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн барихаар болжээ. Энэ талаар Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзулаас тодрууллаа.
-Хуулийн төслийн гол агуулга, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгнө үү?
-Юуны түрүүнд төрийн худалдан авах ажиллагааг хүний оролцоогүйгээр зохион байгуулах зарчмыг тусгасан. Тухайлбал, төр өөрт байгаа мэдээллийг тендерт оролцогчоос авахгүй гэсэн үг. Ингэснээр тендерт оролцогч цөөн хэдэн материал л төрд ирүүлэх юм. Сонгон шалгаруулалтад онцгой ач холбогдолгүй материалыг үнэлгээ хийхэд харгалздаг явдлыг зогсооно. Цаашдаа тендерт оролцогчдод тавигддаг шаардлагуудыг хуульчлан тогтоохоор тусгалаа. Үүний үр дүнд аль нэг этгээдэд давуу тал үүсгэдэг байдлыг хална гэж тооцож байгаа. Хоёрдугаарт, үнэлгээний хорооны мэдээлэл, тэмдэглэл, хурлын мэдэгдэл, зөвлөмж, дүгнэлт гээд бүх материалыг ил болгоно. Тендер шалгаруулах хугацааг 20 хоногоор багасгаж, шуурхай зохион байгуулах зохицуулалт тусгасан. Нөгөө талаас тендерт оролцогчдыг ч хариуцлагажуулах зохицуулалтууд бий. Тухайлбал, сонгон шалгаруулахдаа бусдад давуу байдал олгосон нь тогтоогдвол Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн хүрээнд шийтгэл ногдуулна. Хууль зөрчиж сонгон шалгаруулсан бол тухайн албан тушаалтныг ажлаас халах хүртэл арга хэмжээ авахаар тусгасан. Харин шалгарчихаад, хариуцлага алдаж, ажлаа чанаргүй гүйцэтгэж, хугацаандаа хүлээлгэн өгөөгүй аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулагч, эцсийн эзэмшигчийн хамт “хар жагсаалт”-д бүртгэнэ. Эх оронч худалдан авалтыг дэмжихийн тулд дотоодын үйлдвэрлэлийн барааг импортынхтой өрсөлдүүлэхээ болих бодлого баримтлах юм. Ерөнхийдөө хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байсныг ойлгомжтой зааж өглөө.
-Сонгон шалгаруулах хугацаанд ямар өөрчлөлт оруулахаар байна вэ?
-Худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг хавар буюу гуравдугаар сард дуусгаж, дөрөвдүгээр сард ажлыг нь эхлүүлэхээр зорьж байна. 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 717 төсөл, арга хэмжээ бий. Эдгээрээс 93-ынх нь сонгон шалгаруулалтыг зарлаад байна. Өнгөрсөн оны энэ үед нэг л тендер зарлаад байсан юм билээ. Нэгдүгээр сард багтаад энэ тоо бараг 300 хүрэх болов уу.
-Хөндлөнгийн хяналтыг хэрхэн тавихаар тусгав?
-Хөндлөнгийн хяналтыг нэмэгдүүлж байгаа. Үнэлгээний хорооны зөвлөмж, шийдвэрүүдийг ил тод болгохоор төсөлд тусгасан. Одоогийн мөрдөж буй хуулиар тухайн сонгон шалгаруулалтад оролцсон этгээд зөрчигдсөн эрхээ сэргээх зорилгоор захиалагч, Сангийн яам болон шүүхэд гомдол гаргаж байгаа. Сангийн яам гомдлыг нь хянахдаа захиалагчийн хувьд сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй гэж үзэж, хараат бус зөвлөл байгуулахаар хуулийн төсөлд тусгасан. Энэ зөвлөлд олон нийтийн төлөөллийг түлхүү оруулах юм. Гомдол гаргасан оролцогчид хараат бус зөвлөлд тайлбар гаргах эрхтэй. Нөгөө талаас сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан төрийн алба хаагч, үнэлгээний хороо ч мөн тайлбараа өгнө. Тус зөвлөлийн гишүүдийг олон нийтийн дундаас санал асуулгаар сонгон шалгаруулснаар ашиг сонирхлын зөрчилд автахгүй.