
“Хүмүүн бичиг” сонины редакцаас зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” 25 дахь удаагийн улсын уралдааны шилдгүүд өчигдөр тодорлоо. Уралдааныг долоон ангиллаар явуулсан бөгөөд манлайлсан сурагчдад Засгийн газрын буцалтгүй тэтгэлгээр МУИС, МУБИС-д суралцах урилга гардуулдаг онцлогтой. Хөвсгөл аймгийн Тариалан сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Анужин, нийслэлийн 23 дугаар сургуулийн Ё.Золбоо, Дорнод аймгийн Хэрлэн сумын “Хан-Уул” цогцолборын Э.Будсүрэн, Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандал” сургуулийн Х.Нандинцэцэг нар арванхоёрдугаар ангийн сурагчдыг тэргүүлж, Засгийн газрын буцалтгүй тэтгэлэг гардсан юм.

1-11 дүгээр ангийнхнаас Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Ү.Эмүжин, мөн сургуулийн арваннэгдүгээр ангийн Ү.Энхжин нар тэргүүлсэн байна. Мэргэжлийн багш нарын тухайд нийслэлийн Сүхбаатар дүүргийн лаборатори нэгдүгээр сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Ц.Норпил түрүүлжээ. Насанд хүрэгчдийнхэд www.graph.mn сайтын сэтгүүлч Б.Баянжавзан манлайлжээ.

Уралдааны “Сайхан бичигтэн анги” төрөлд Дархан-Уул аймгийн 16 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Н.Цолмонгийн бэлтгэсэн 12А ангийн хамт олон шилдгээр шалгарчээ. Тэгвэл шилдэг уран бичлэгийн төрөлд Баянзүрх дүүргийн “Содон чимээ” сургалтын төвийн багш, уран бичээч Б.Алтантуяа тэргүүллээ. “Монголын сайхан бичигтэн” уралдаанд мөн “Бичвэрийн бус бүтээл” гэсэн ангилал бий бөгөөд үүнд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн багш Ж.Гэрэлмаа өрсөлдөгчдөө ардаа орхижээ. Энэ удаагийн уралдаанд оролцогчдын шилдэг бүтээлийн үзэсгэлэнг Уран зургийн галерейд өчигдөр нээсэн юм.
Бэлтгэсэн Р.Жаргал






