
Кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах энэ сарын 9-нд болж өндөрлөлөө. 79 дэх удаагийн наадам нэг цаг хагасын хугацаанд үргэлжилсэн бөгөөд телевизүүдээр шууд дамжуулалгүйгээр хаалттай зохион байгуулав. Харин шагнал гардсан уран бүтээлчдийн талаарх мэдээллийг наадмын албан ёсны цахим хуудсанд цаг алдалгүй нийтэлж байв. Ингээд тус шагнал гардуулах ёслолын шилдгээр шалгарсан зарим ялагчийг танилцуулъя.
Өнөө жилийн шагнал гардуулах ёслолоор 25 төрөлд шилдгийг тодруулсан. Тэдгээрээс үзэгчдийн хамгийн их хүлээдэг нь утга уянгын киноны төрөл. Энэ төрөлд “Belfast”, “Coda”, “Dune”, “King Richard”, “The power of the dog” зэрэг уран бүтээл өрсөлдсөнөөс найруулагч Жейн Кэмпионий “The power of the dog” шилдгээр тодорсон. Тэрбээр мөн эл бүтээлээрээ шилдэг найруулагчийн шагнал гарджээ. Эл кино тус наадмын таван төрөлд нэр дэвшиж, гуравт нь ялсан юм. Тухайбал, тус кинонд тоглосон жүжигчин Коди Смит Макфи шилдэг туслах дүрийн эзнээр мөн тодорчээ. Энэ төрлийн шилдэг эрэгтэй жүжигчнээр “King Richard” киногоор Уилл Смит, эмэгтэйд “Being the Ricardos” кинонд бүтээсэн дүрээрээ Николь Кидман шалгарав.
Телевизийн шилдэг олон ангит киногоор “Succession”, тус киноны гол дүрийг бүтээсэн Жереми Стронг шилдэг эрэгтэй жүжигчнээр, Сара Снук мөн эл бүтээлээр шилдэг туслах дүрд шалгарсан. Эмэгтэй шилдэг жүжигчний шагналыг Кейт Уинслет “Mare of Easttown” кинонд бүтээсэн дүрээрээ гардлаа. Харин эл төрлийн шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг “Squid game” кинонд тоглосон Өмнөд Солонгосын жүжигчин У Ён Су хүртсэн. Өдгөө 78 настай тэрбээр 1963 оноос театрын жүжигчнээр ажиллан гараагаа эхэлсэн уран бүтээлч юм.
Мюзикл болон инээдмийн киноны төрөлд “West side story” кино тодорч, Жан Смарт, Жейсон Судейкис нар шилдэг эмэгтэй, эрэгтэй гол дүрийн эзнээр шалгарсан.
Энэ жилийн “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг богино хэмжээний цувралаар “The underground railroad”, шилдэг кино зохиолоор “Belfast”, хөгжмийн зохиолоор “Dune” кинонд эгшиглүүлсэн бүтээлээрээ Ханс Зиммер, шилдэг дуугаар дуучин Билли Айлишийн сонсогчдод хүргэсэн “James Bond: No time to die” киноны “No time to die” тус тус шалгарав. Түүнчлэн өнгөрсөн онд бүтээсэн хүүхэлдэйн кинонуудаас “Encanto” шилдгээр тодорч, гадаад хэлээрх шилдэг бүтээл номинацад Японы уран бүтээлчдийн “Drive my car” кино “Алтан бөмбөрцөг” цомын эзэн боллоо.
Бэлтгэсэн А.Хангай