
Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын малчдын төлөөлөл нутагт нь алт олборлохыг эсэргүүцэн өчигдөр мэдээлэл хийв. Тодруулбал, тус сумдын нутагт алт олборлох зөвшөөрөл эзэмшиж буй “Эрдэнэ Монгол” компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Баянхонгор аймагт заг ихээр ургадаг мөн дэлхийд нэн ховорт тооцогддог мазаалай цөөн тоогоор нутагладаг нь алт олборлох явцад сүйдэх, устаж үгүй болох аюул нүүрлэжээ. Мөн уугуул нутгийнхаа байгаль орчныг хамгаалах, малын болон тэмээний бэлчээрийг хадгалж, малчид отор нүүдэл хийх боломжтой байх зорилгоор уул уурхайн компаниудын үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа аж. Шинэжинст сумын малчин Ц.Отгон “Бид сүүлийн хоёр жилд анзааран, судлахад хайгуулын ажил эхлэхтэй зэрэгцэн байгаль сүйрч эхэлсэн. “Эрдэнэ Монгол” компанийнхан нутгийн иргэдийг ажил, орлогтой болгоно гэж байгаа ч бидэнд мөнгө хэрэггүй. Нутаг орон, малын бэлчээртэй байхад л болно. Ер нь Шинэжинст, Баян-Өндөр сумын хэмжээнд уул уурхайн чиглэлийн нийт 45 лиценз олгосон байна. Эдгээр лицензийг ч хүчингүй болгох хэрэгтэй” гэлээ. Цаашид дээрх сумын малчид “Эрдэнэ Монгол” компанийн үйл ажиллагааг зогсоох улмаар бусад лицензийг ч хүчингүй болгуулах хүртэл тэмцэнэ гэв.
Бэлтгэсэн С.Дулам