
Улаан буудайн тариалалт, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдээс дотоодын гурилын үйлдвэр болон Хөдөө аж ахуйг дэмжих сан, улсын нөөцөд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 80 000 төгрөг болгожээ. Өмнө нь тарианы чанараас шалтгаалан ангилж 60 000, 80 000, 100 000 төгрөг өгдөг байсныг ийнхүү дундаж хэмжээнд хүргэлээ. 2021 онд манай улс 605.6 мянган тонн үр тариа, үүнээс 567 000 тонн улаан буудай хураасан. Шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд 245 000, Хөдөө аж ахуйг дэмжих сан 61 000 тонныг худалдан авсан аж. Өдгөө 90 мянган тонн улаан буудайг худалдах, худалдан авах ажил хийгдэж буй гэнэ. Нийт бүтээгдэхүүний нөөцөөр тооцвол 2022 онд хэрэглэх гурилаа дотооддоо тарьж ургуулсан улаан буудайгаар үйлдвэрлэх боломж бүрдсэн байна. Ташрамд дурдахад, манай улсын гурилын нэг жилийн хэрэглээ 310 000 орчим тонн бөгөөд үүнээс 25-30 хувиар их хэмжээтэй улаан буудай тээрэмдэн үйлдвэрлэдэг гэсэн тооцоо бий.