
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэжээ. Үүнд Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлж эхлүүлсэнтэй холбоотойгоор төрөөс явуулдаг зарим хяналт, шалгалтыг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болов. Хяналт, шалгалтыг түр зогсоох шийдвэрийг ирэх сарын 1-нээс 2025 он гартал хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, төрийн албад болон албан хаагчдын зүгээс учруулж болох аливаа чирэгдэл, хүнд суртлаас сэргийлэх зорилготой гэнэ. Харин Монголбанк, гааль, татвар, нийгмийн даатгалын байгууллагуудын шалгалт, эрүүл мэнд, хүүхэд хамгааллын чиглэлийн хяналтыг хэвээр үлдээх аж.
Мөн хуралдаанаар сайжруулсан түлшний үндсэн түүхий эд болох мидлинг ба түлшний чанарыг шалгах, лабораторийн дүгнэлт гаргах, стандартыг нь дахин хянах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын болон Эрчим хүчний сайд, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. “Сайн” түлшний чанарыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг стандартын зөвлөлөөр хэлэлцүүлж улмаар Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг даалгав. Түүнчлэн “Тавантолгой түлш” компанийн түлшний баруун бүсийн нэгдүгээр үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийг засварлах ажлыг шуурхай зохион байгуулахыг хариуцсан албан тушаалтнуудад нь Ерөнхий сайд үүрэг болголоо. Үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийг засварлах санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэх аж.
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг мөн хэлэлцэж, халамжийн сангийн 2022 оны төсөвт багтаан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгажээ. Нийгмийн халамжийн тэтгэврийг 63 100 хүн буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг таван бүлэгт олгож буй. Түүнчлэн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 11.5 мянган хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг халамжийн тэтгэврийн хэмжээгээр тооцон өгдөг. Тэгвэл эдгээр мөнгөн дэмжлэгийн хэмжээг дээшлүүлэх, эсэх боломжийг салбарын яам судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Үүнээс гадна Хүүхдийн мөнгөний хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журмын талаар хэлэлцэж, хуулийн хүрээнд өөрчлөх боломж бий, эсэхийг судалж, иргэдэд хүндрэл чирэгдэлгүйгээр зохион байгуулахыг салбарын сайд нарт нь үүрэг болгожээ.
Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр зэвсэгт хүчний барилга, инженерийн цэргийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцуулах болсныг хуралдааны үеэр дурдлаа. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн Засгийн газрын хурлаар дэмжин, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах, ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталжээ. Уг журмыг шинэчилснээр агнуурын амьтан хамгааллын эрх зүйн зохицуулалт сайжирч, байгалийн нөхөн сэргээгдэх баялгийг урт хугацаанд тогтвортой ашиглах нөхцөл бүрдэх юм байна. Мөн “Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр”-ийг санхүүжүүлэхэд зориулсан Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын төслийг хэлэлцэн, УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов. Үүнээс гадна БНТУ-ын Анкара хотод өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарын үсэг зурсан Цэргийн түүх, архив, музей судлал, хэвлэл мэдээллийн чиглэлээр хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг баталжээ. Түүнчлэн Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүнийг өөрчилж, уг комиссыг Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулахаар болсон зэрэг асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэснийг Засгийн газрын хуралдааны үеэр мэдээллээ.
Бэлтгэсэн С.Цэрэн