
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохиож буй. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын Элчин сайд Х.Кобаяшийг хүлээн авч уулзлаа. Энэ оныг манай хоёр улс “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлаж байгаад баяртай байгаагаа Ерөнхийлөгч илэрхийлсэн. Элчин сайд Х.Кобаяши тус ойг жилийн турш тэмдэглэхээр бэлтгэл ажлыг нь хангаад байгаагаа танилцуулав. Мөн ойг тохиолдуулан хоёр талдаа дээд, өндөр түвшний айлчлал хийх талаар ярилаа. Тэрбээр ялангуяа хоёр улсын харилцааны ирээдүйг авч явах хүүхэд, залуучуудыг хамарсан олон арга хэмжээ зохион байгуулахын төлөө байна гэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр (2017-2021) амжилттай хэрэгжиж, дуусгавар болж байгааг тэмдэглээд, энэ онд дараагийн хөтөлбөрөө тохиролцохын чухлыг онцолсон юм.