
Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв, Гаалийн болон Цагдаагийн ерөнхий газраас хамтран Замын-Үүдээс татан авч буй ачаа, тээврийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийв. Одоогоор Замын-Үүдэд цагдаагийн 161 алба хаагч, 28 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж буй аж. Эрээнд хуримтлагдсан барааг нэвтрүүлэхдээ төрийн албаныхан авлига авч, аль нэг байгууллага, компанийн ачааг түрүүлж оруулж ирдэг гэдэг нь ташаа мэдээлэл, иргэд захиалсан бараандаа гаалийн бүрдүүлэлт хийлгэн, ложистикийн төвд хүргүүлсэн дарааллаар хүлээн авч байгааг ЗТХЯ-ны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга онцлов. Мөн цар тахлаас өмнө Эрээн-Замын-Үүд чиглэлд зорчиж байсан автомашинууд даац хэтрүүлэн 70-80 тонн ачаа тээдэг байсныг өдгөө 25 тоннд хүргэсэн буюу нэг автомашин ачаанд 3-4 чингэлэг ногдуулж хэвшүүлжээ. Түүнчлэн Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх нэг автомашин ачааны зардал өдгөө 3.5 сая төгрөг болж хямдарсан юм байна. Үүнээс гадна Гашуунсухайт-Ганцмод боомтоор ч бараа, материал нэвтрүүлж байна гэлээ. БНХАУ-ын талаас манай боомтууд дахь коронавирусийн халдварыг бууруулж, хяналт тогтоохыг сануулсан бөгөөд шаардлагад нийцвэл хязгаарлалтгүйгээр ачаа, бараа илгээх, хүлээн авах боломжтой гэжээ.
Бэлтгэсэн С.Дулам