
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнээс шинээр эхлүүлэх хэсгийнх нь худалдан авах ажиллагааны явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Нийт 717 төсөл, арга хэмжээнээс 140 буюу 19.5 хувьд нь тендер зарлажээ. Тендерийн үнэлгээ хийж байгаа, шалгаруулалтын үр дүн гарсан найман төсөл, арга хэмжээ байгаа аж. Харин тендер зарлаж хүлээж авах хугацаа нь дуусаагүй 134 төсөл, арга хэмжээ бий гэнэ.
Төсөл, арга хэмжээний тендерийн явц хангалтгүй байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхааруулсан байна. Иймд энэ оны гуравдугаар сарын 1 гэхэд төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтыг зарласан байх ёстойг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгожээ. Улмаар Ерөнхий сайдын албан даалгавар гаргахаар шийдвэрлэв.