
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилох саналаа УИХ-д уламжлах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус яамны удирдлагуудад хариуцлага тооцсон шиг явдал ингээд дуусахгүйг анхааруулсан. Тэрбээр “Сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг нь зэрэг чөлөөлснийг олон хүн гайхаж байна. Сайдаа дэмжиж, хамтарч ажиллаж чадаагүй дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг албан тушаалд нь үлдээж болохгүй гэж үзсэн. Цаашид агаарын бохирдлын асуудал хариуцсан нийслэлийн албан тушаалтнуудад ч хариуцлага тооцно. “Энэ манай нутгийнх, тэр ч манай нутгийнх” гэж над руу утасдахгүй байхыг УИХ-ын гишүүдээс хүсье. Хариуцлага тооцох ажил энэ гурван албан тушаалтнаар зогсохгүй” хэмээсэн. Үнэхээр ч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагууд баг болж ажиллаж чадаагүйг чөлөөлөгдсөнийхөө дараа хэлсэн Төрийн нарийн бичгийнх нь даргын үг баталсан юм. Тэгвэл өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим албан тушаалтанд хариуцлага тооцон, ажлаас нь чөлөөлж, цөөнгүй даргыг сэлгэн байршууллаа. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлнэ. Үүний дагуу төрийн бүтээмжийг дээшлүүлэх нь чухал асуудлуудын нэг болоод буй. Энэ ажлын хүрээнд тавьж байгаа зорилтуудад нийцүүлэн албан тушаалтны ур чадвараар нь агентлагийн дарга нарыг сольж, сэлгэж ажиллуулахаар шийдвэрлэсэн” хэмээн тодотгосон.
Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн даргаар нь УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Баттулга ажиллахаар боллоо. Э.Баттулга нь багш мэргэжилтэй, МУБИС, Австралийн Жеймс Кукийн их сургуулийг дүүргэж, Аялал жуулчлалын газраас ажлын гараагаа эхэлж, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газрын даргаар ажиллаж байжээ.
Мөн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар томилов. Г.Түвдэндорж нь МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны дэд дарга, “Торгоны зам” компанийн менежер байжээ. Харин С.Наранцогт нь 2017 онд Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон бөгөөд үүнээс өмнө Сангийн яамны Төрийн сангийн газрын даргаар ажиллаж байсан юм. Тэрбээр тус яаманд 2003 онд мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн ч Төрийн нарийн бичгийн дарга болох хүртлээ боловсрол болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад газрын даргаар ажиллажээ. С.Наранцогт нь МУИС-ийн Физик, математикийн сургууль (бакалавр), Сөүлийн үндэсний их сургууль (PhD, инженерийн эдийн засаг)-ийг дүүргэж, АНУ-ын Харвардын их сургуульд төрийн санхүүгийн удирдлагаар мэргэжил дээшлүүлсэн байна. Түүний оронд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Ж.Ганбатыг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилов.

Мөн МХЕГ-ын дарга Т.Гантулгыг ШӨХТГ-ын дарга болголоо. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өмнө нь ШӨХТГ-ыг удирдаж байсан билээ. Т.Гантулга нь 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа тус агентлагийг даргалах болсон бөгөөд өмнө нь Эрчим хүчний дэд сайд, байгаль орчин болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
Харин МХЕГ-ыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж удирдахаар боллоо. Тэрбээр үүнээс өмнө Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан, МУИС, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургуулийг төгссөн, эрхзүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй аж. Б.Баасандоржийн оронд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригийг томилов.
Түүнчлэн Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганзориг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Шүлхий өвчний дэгдэлтийг хязгаарлах, малын вакцинжуулах ажлыг хангалтгүй хийсэн болон цар тахлын үед эмийн татан авалтын зохицуулалтад хариуцлагагүй хандсан гэсэн үндэслэлээр тэдэнд хариуцлага тооцсон байна.