
Цар тахлын улмаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-нөөс хилийн хорио тавигдан, эрдэс бүтээгдэхүний экспорт тасалдсан. Үүний улмаас “Эрдэнэт үйлдвэр”-ийн бэлтгэсэн 237 чингэлэг, 15 000 тонн зэсийн баяжмал төмөр замын өртөөнд гацсан байгаа аж. Мөн 90 гаруй мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрийн агуулахад хуримтлагдан, нийт 200 сая орчим ам.долларын үнэ бүхий бараа, бүтээгдэхүүн өнгөрсөн долоо хоногийн байдлаар төвлөрснийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас мэдээллээ.
Тус газрын дарга Орхон аймагт очиж, “Эрдэнэт үйлдвэр”-ийнхний саналыг сонсон, зэсийн баяжмалыг богино хугацаанд, хэрхэн экспортлох асуудлаар холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, шуурхай арга хэмжээ авахаа илэрхийлжээ.
Бэлтгэсэн С.Дулам