
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн баасан гарагт ээлжит бус хурал хийж бодлогын хүүг 0.5 хувиар нэмэн, 6.5 болголоо. Уг хуралдааны шийдвэрийг танилцуулан Төвбанкны ерөнхийлөгч Б.Лхгавасүрэн мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Цар тахалтай нүүр тулсан 2020-2022 онд Монголбанкнаас мөнгөний болон макро зохистой бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэмжээг мөчлөг сөрсөн байдлаар зохион байгуулж буй. Үүний нөлөөгөөр улсын санхүүгийн нөхцөл байдалд эерэг өөрчлөлт гарч, улмаар эдийн засгийн сэргэлт идэвхжиж байна. Тухайлбал, зээлийн хүртээмж сайжирч, шинээр олгосон зээлийн дундаж хүү сүүлийн нэг жилд 1.2 нэгж хувиар буурсан. Гадаад валютын албан нөөц 4.3 тэрбум ам.доллар буюу импортын 7-8 сарыг хангах хэмжээнд бий. Харин өмнөх онтой харьцуулахад бизнесийн хязгаарлалт суларч, дотоод эргэлт нэмэгдсэн ч нийлүүлэлтийн хүчин зүйлээс шалтгаалж инфляц өссөн. Үүнд импортын хүнс үнэ, зарим аймагт малын гоц халдварт өвчин гарсны улмаас болон улирлын онцлогоос шалтгаалан махны үнэ нэмэгдсэн нь нөлөөлсөн” гэв.
Бэлтгэсэн С.Дулам