
Тэжээвэр мал, амьтадтай иргэдэд зориулсан, гэнэтийн ослоос үүдэн амьтны амь эрсдэх, осол, өвчлөл болон нэр заасан өвчнөөс үүдэлтэй эмчилгээний зардлын хамгаалалтын нөхцөл бүхий “Гэрийн тэжээвэр амьтны даатгал”-ын бүтээгдэхүүнийг бүртгэснээ Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. Уг даатгалын бүтээгдэхүүн нь тэжээвэр амьтны гэнэтийн осол, өвчлөлийн эрсдэлийг бууруулах, эзнийх нь хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм байна. Манай улсын хувьд 220-250 мянган өрх гэртээ амьтан тэжээдэг гэсэн судалгаа бий аж. Тэжээвэр амьтдын эрхийг хамгаалах шаардлага үүссэн өнөө үед дээрх бүтээгдэхүүнийг ийнхүү шинээр бүртгэж, зах зээлд борлуулахад бэлэн болсон гэв.