
Валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд өчигдөр ам.долларыг 2856 төгрөгөөр худалдан авч, 2858-аар борлуулж байв. Энэ нь хоёр долоо хоногийн өмнөхөөс авах ханш нь тав, зарах нь дөрвөн төгрөгөөр дээшилсэн дүн боллоо. Сүүлийн үед америк мөнгөн тэмдэгтийн ханш харьцангуй тогтвортой байсан ч өнгөрсөн өдрүүдэд ийн өсөв. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард ченжүүд “ногоон”-ыг дунджаар 2852 төгрөгөөр аваад, 2854-өөр зарж байсан юм. Дээрх захын нэгэн ченж “Цагаан сарын дараа банкууд ам.долларын ханшийг өсгөсөн. Бид ч дагаад ханшийг нь нэмсэн” хэмээн өгүүллээ. Монголбанкны цахим хуудсанд тэмдэглэснээр гадаад валютын албан нөөц өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар 4.36 тэрбум ам.доллар байсан нь өмнөх жилийнхээ мөн үеэс 3.71 хувиар багассан үзүүлэлт аж.
Ташрамд дурдахад, “ногоон”-ы ханшийг дагаад австрали долларынх ч чангарсан хэмээн ченжүүд хэлж байв. Тэд өчигдөр 11.00 цагийн үед австрали долларыг 2020 төгрөгөөр аваад, 2040-өөр зарж байсан бол ердөө нэг цагийн дараа уг дүн 2030, 2065 болж дээшилсэн юм. Зарим ченж уг валютыг дээрхээс өндрөөр буюу 2050 төгрөгөөр аваад, 2080-аар борлуулна хэмээлээ. Зарим ченж “Зарах австрали доллар алга” гэж байсан юм.