Алтайн халиун буга” төрийн бус байгууллагынхан Монголын байгаль хамгаалал, биологийн нийгэмлэгтэй хамтран Хантайширын нуруунд халиун бугын тархалт, нөөц тогтоох судалгаа хийсэн талаараа мэдээлэв. 2011 онд агнуур зохион байгуулалтын судалгаа хийсэн биологичид Говь-Алтай аймаг дахь халиун бугын тархац нутгийг 440 ам км, 1000 га тутамд 0.3 буюу нийт 138 бодгаль бий гэж үнэлж байжээ. Харин 2019 оны судалгаагаар Халиун, Цогт, Тонхил, Шарга сумын нутаг дахь Хантайшир, Баян-Өндөр, Бурхан буудай, Жаргалан, Хасагт хайрхны нурууг хамарсан 2381 ам км нутагт 137 буга тархан байршиж буйг тогтоосон аж. Тэгвэл дээрх байгууллагынхан хамгийн сүүлд хийсэн тооллогоороо зөвхөн Хантайширын нуруунд 148 бодгаль буйг тогтоожээ. Биологичид ажиглалтын болон бугын дуудлага, ул мөр бүртгэх аргаар судалгаа хийхэд ийм үр дүн гарсан байна. Ташрамд дурдахад, “Алтайн халиун буга” төрийн бус байгууллагынхны Хантайширын нуруунд байршуулсан автомат камерт сар шинийн өдрүүдэд цоохор ирвэс бичигдсэн нь тус бүсэд “уулын эзэн” байдгийг дүрс бичлэгээр баримтжуулсан анхны тохиолдол болсон гэнэ.
Бэлтгэсэн Ж.Сувд

