Олны нэрлэж заншснаар Яармагийн иргэд олон жилийн турш хүүхдийн тоглоомын талбай болон ахмадуудад зориулсан салхилах цогцолбор барих санаачлага гаргаж байсан боловч “Эс Си Эм” ХХК нь уг газрыг эзэмшиж байсан учир иргэдэд зориулсан бүтээн байгуулалт хийх боломжгүй байсаар өдий хүрчээ.
Уг нь Яармагийн бүсийн буюу нийслэлийн Хан-Уул дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус тус газар эзэмшиж байсан “Эс Си Эм” ХХК-ийн эрхийг 2018 оны 8 дугаар сарын 7-нд хотын дарга цуцалж байсан. Улмаар чөлөөлөгдсөн газар дээр тухайн орчны хүүхэд, залуус, ахмадуудад зориулсан тоглоомын талбай, спортын цогцолбор байгуулахаар шийдвэрлэсэн байдаг.
“Эс Си Эм” ХХК-ны газрын эрхийг цуцалснаас хойш 2019 онд Тавантолгой түлш ХХК-ны шахмал түлш түгээх газар гэх нэрийн дор тус газарт хашаа хатгасан гэнэ. Одоо тэндээ барилгын ажлаа эхлүүлэхээр, шүүхдэж байгааг эсэргүүцсэн иргэдийн нэг Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны иргэн Б.Төмөр-Ханаас тодрууллаа.
Тэрбээр хэлэхдээ “Яармагийн иргэд бид үлдсэн 2.7 газрыг 2018 онд улс буцааж авсан. Бид цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын газартай болох нь гэж итгэж хүлээж байв. Гэтэл 2021 оны тавдугаар сарын 18-нд дээрх газрыг гэнэт ухаж эхэлсэн.
Энэ асуудлын хүрээнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, тойргоос гарсан гурван УИХ-ын гишүүн, Нийслэл, дүүргийн төлөөлөгчийн 11 хүнд бүх шаардлага, хүсэлтээ хүргүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу Ерөнхийлөгч "иргэдийн талд байж энэ асуудлыг шийдээрэй" гэсэн албан бичгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт явуулсан. Үүний үндсэн дээр тус компанийг барилга барих эрхийг 2021 оны 10 дугаар сарын 10-нд цуцалж өгсөн.
Гэтэл энэ компани урьдын адил шүүхдээд газар авчихдаг шигээ энэ удаад бас шүүхдэж байна. Урьд нь хоёр удаа шүүхдэж байсан. Одоо ч гэсэн шүүхдэж байгаа юм билээ. Үүнийг мэдсэн 4 төрийн бус байгууллага, 2 спорт клубын гишүүд нэгдэж, жагсаал хийж байна. 4000 гаруй иргэний гарын үсгийг цуглараад байгаа. Бид нар Яармагт хичнээн сайхан гое газартай наадмын талбайтай байсан билээ дээ. Одоо тэнд барилга байгууламж дүүрч, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөж байна. Яармаг дахь 8.4 га гэдэг бол маш том газар. Хоёрдугаар буудлаас хуучин эцэс хүртлэх газар гэсэн үг. Эндэхийг “Эс Си Эм” ХХК эзэлчихээд байна.
Уг нь улс нь буцааж аваад нийтийн эдэлбэр газартаа бүртгээд ард иргэдэд хэрэгтэй цэцэрлэгт хүрээлэн, хүүхэд тоглодог, хөгшид салхилдаг газартай болохыг хүсэж байна” хэмээв.