
О.Цогтгэрэлийн тэргүүлсэн АН-ын Намын байгуулалтын хэлтсийн даргаар ажиллаж буй Л.Баттүвшин болон иргэн Н.Оюунмаа нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болголоо. Ингэснээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр тэдний хэргийг дахин шийдвэрлүүлэхээр болсон юм.
Л.Баттүвшин 2015 онд Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа уг хэлтсийн архив, бичиг хэргийн ажилтан, даргын туслах буюу “Тохилог гудамж-амьдрах орчин” туршилтын хөтөлбөрийн төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Оюунмаатай хамтран албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон юм. “Тохилог гудамж-амьдрах орчин” туршилтын хөтөлбөрийн төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал болоогүй байхад тэд Чингэлтэй дүүрэг хариуцсан Эко хөдөлмөр, ажлын байр, сургалтын төвийн гүйцэтгэх захирал асан Х.Баясгалангийн үүсгэн байгуулсан “Эко хөдөлмөр-ажлын байр” НҮТББ-ыг шалгаруулсан мэтээр тэмдэглэл үйлдэн 198 сая гаруйн төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ хийж, улмаар төлбөрийн эхний хэсэг 59.5 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Баттүвшин, Н.Оюунмаа нарыг Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцон Л.Баттүвшингийн нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 15 сая, Н.Оюунмааг нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгээд байсан юм.
Бэлтгэсэн Г.Равжаа