
Манай улсын гадаад худалдааны эргэлт өнгөрсөн нэгдүгээр сард 1.1 тэрбум орчим ам.долларт хүрсэн нь 2021 оны мөн үеийнхээс 2.6 саяар буюу 0.2 хувиар буурсан дүн болсныг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тухайлбал, экспортоос 539.6 сая ам.доллар олсон нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 15.7 хувиар багассан үзүүлэлт аж. Харин импортод 556.5 сая “ногоон” зарцуулсан нь жилийн хугацаанд 21.3 хувиар нэмэгдсэнээр гадаад худалдааны тэнцэл сөрөг гарчээ. Экспортын барааны нийт дүнгийн 63.4 хувийг эрдэс бүтээгдэхүүнээс олсон бол нийлүүлэлтийн 68.7 хувь нь БНХАУ-д ногдсон байна. Харин импортын үнийн дүнгийн хамгийн их буюу 23.6 хувийг газрын тосны бүтээгдэхүүнд, 18 хувийг нь машин, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулжээ. Мөн импортын барааны хамгийн их буюу 33.9 хувийг ОХУ-аас худалдан авсан аж.
Бэлтгэсэн С.Цэрэндулам