
Жил бүрийн өвөл, хавар хурдан морины уралдаан зохион байгуулж, хүүхдийн эрүүл мэнд, аминд аюул учруулах зөрчил цөөнгүй гардаг. Үүнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-аас аймаг, нийслэлийн холбогдох албаныханд албан бичиг хүргүүлж, хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхыг анхаарууллаа. Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолд “Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосугай” гэж заажээ. Орон нутгийнхан уг тогтоолыг хэрэгжүүлэхийг МХЕГ-ын албан бичигт тусгасан байна. Түүнчлэн хурдан морь унуулах нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрт тооцогддогийг сануулжээ.
Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос аймгийн Засаг дарга нарт хандан зөвлөмж гаргалаа. “Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах нь хүүхдийн эрхийг зөрчиж байгаа үйлдэл. Иймд холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж, өвөл, хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, сумуудын Засаг дарга нарт дээрх асуудлаар үүрэг, чиглэл өгч, биелэлтийг хангуулах шаардлагатай. Хууль, тогтоомж зөрчин хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулсан иргэн, хуулийн этгээдийг хууль, хяналтын байгууллагад тухай бүр шилжүүлэн шалгуулах нь зүйтэй” гэж уг зөвлөмжид тусгасан байна.
Энэ жилийн Цагаан сарыг тохиолдуулан хэд хэдэн аймагт морины уралдаан зохион байгуулж, хүүхэд гэмтсэн тохиолдол ч гарчээ. Тухайлбал, өнгөрсөн сарын 27-нд Архангай аймгийн Ихтамир сумын нутагт уралдаанд бэлтгэж байсан 12 настай хүүхэд мөсөн дээр унаж, моринд өшиглүүлснээс дунд чөмгөө хугалжээ. Үүнээс гадна Архангайн Булган, Говь-Алтайн Есөнбулаг, Говьсүмбэрийн Баянтал, Төв аймгийн Батсүмбэр, Баянжаргалан, Дорноговийн Даланжаргалан, Хөвсгөлийн Тосонцэнгэл, Хэнтийн Өмнөдэлгэр, Хэрлэн сумд хурдан морины уралдаан зохион байгуулсан зөрчил илрүүлсэн байна.
Бэлтгэсэн М.Оч