
Хотулун гүнжийн тухай “Хотол цагаан гүнж” романыг зохиолч Б.Шүүдэрцэцэг 2017 онд уншигчдад хүргэсэн. Ажуруг буюу Хотулуны тухай эл романаас сэдэвлэсэн “Хотулун гүнж: Алтан судрын эрэлд” түүхэн уран сайхны киног “Шүүдэр” продакшн, “Voo”-тэй хамтран бүтээж, өнгөрсөн арванхоёрдугаар сард олны хүртээл болгосон билээ. Зургийг нь 2020 онд Төв аймгийн Эрдэнэ сум болон Хэнтий, Дундговь, Булган аймгийн Хөгнө ханд гурван улирал дамнуулан авсан. Тус киноны гол дүрд жүжигчин М.Цэрэндолгор, туслах дүрүүдэд Гавьяат жүжигчин Д.Төмөртогтох, А.Цэгмэд, УДЭТ-ын жүжигчин О.Гэрэлсүх, “Эмоци” продакшны С.Тэмүүжин, Г.Эзэнмөнх, “The voice of Mongolia” шоуны эхний улирлын ялагч, дуучин Ц.Энгүүн нар тоглож, С.Баасанжаргал найруулсан. Тэгвэл тус уран бүтээлийг 93 дахь удаагийн Берлиний олон улсын кино наадмын худалдааны хэсэгт оролцуулахаар болжээ. Тодруулбал, А зэрэглэлийн тус наадмын эл хэсэгт өнөө жил 532 кино оролцохоор сонгогдсон аж. Тус киног Берлиний кино наадмын үеэр өнөөдөр болон энэ сарын 14, 16-нд үзүүлэх аж.
Бэлтгэсэн А.Халиун