
“Марчаахай студи” төрийн бус байгууллагынхан 2017-2019 онд хэрэгжүүлсэн “Ерөнхий боловсролын сургуулийн 6-9 насны сурагчдын сэтгэн бодох чадвар (IQ)-ыг дэвшилт технологи ашиглах хөгжүүлэх нь” төсөлдөө үндэслэн цэцэрлэгийн насны хүүхдүүд болон бага ангийн сурагчдад зориулсан “Марчаахай” аппликэйшн бүтээжээ. Судлаачид эл төслийн хүрээнд 596 хүүхэдтэй “ажилласан” бөгөөд тэдний ой тогтоолтын түвшин, сэргээн санах чадамжийг үнэлсний зэрэгцээ сэтгэн бодох чадвар, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж, аппликэйшнээ тэр дагуу хөгжүүлсэн аж.
“Марчаахай” аппликэйшн хүүхэд багачуудад зориулсан олон цэстэй. Тухайлбал, үсгэн болон тоон зүй тогтол олох, анаграмм тайлах зэрэг сэтгэн бодох чадвар шаардсан дасгал ажил олон бий. Түүнчлэн шүлэг, үлгэр, онь сого, дуу хөгжим, ардын аман зохиол, танин мэдэхүй гэсэн төрөлжсөн хэсэгтэйгээс гадна 4-5, 6-7 насныханд зориулсан тусгай хөтөлбөрүүдтэй. Мөн бага насны хүүхдийн хөгжил, боловсрол, асаргаа халамж, хооллолттой холбоотой зөвлөгөө, мэдээлэл бүхий эцэг, эхчүүдэд зориулсан булантай.
Сургуулийн өмнөх насны хүүхдүүд болон бага ангийн сурагчдын хөгжлийг дэмжих зорилготой эл цахим системийг бүтээх ажлыг Шинжлэх ухаан, технологийн сан дэмжин, “Марчаахай студи”-д 189.9 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Одоогоор тус аппликэйшнийг 100 мянга гаруй хүүхэд идэвхтэй ашиглаж байна гэж төслийн багийнхан онцлов