-93 дахин өссөн буюу 1.7 их наяд төгрөгийн алдагдал хүлээх үндэслэл байхгүй-
Хөгжлийн банкийг тойрсон зээл, эргэн төлөлт, улстөрчдийн хамаарал бүхий болон танил талынхаа аж ахуйн нэгжид давуу байдал олгосон гэх дуулиан өнгөрсөн баасан гаргийн хэлэлцүүлгээр намжиж, өдгөө Монголбанкны олон их наядын алдагдал хүлээсэн асуудлыг олон нийтийн сүлжээнд зарим эдийн засагч, учир мэдэх хүмүүс анхаарч эхэлж байна. Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үүрэгтэй, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханшийг тогтвортой байдал, санхүүгийн зах зээл, банкны тогтолцоог тогтвортой байлгахад дэмжлэг үзүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй Монголбанк харамсалтай нь олон ч баримтыг “Маш нууц” хэмээн тамга дарж, нуусаар ард түмний мэдэх эрхийг зөрчиж, өөрсдийн ашиглаж завшсан байж болзошгүй үйлдлээ дарагдуулж байгаа юм.

АРИЛЖААНЫ БАНКУУД
АШИГТАЙ, МОНГОЛБАНК АЛДАГДАЛТАЙ БАЙСНЫ УЧИР
Төвбанкныхан дотоодын арилжааны банкуудтай 2012-2016 онд нэг их наяд 673 тэрбум юань, 8.9 тэрбум ам.доллар, 17.5 тэрбум төгрөгийн своп хэлцэл хийсний улмаас 96.9 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэж УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийнхэн 2017 онд дүгнэсэн талаар бид өмнөх цувралдаа дурдсан. Своп хэлцэл гэж тухайн өдрийн ханшаар валют худалдаж, худалдан авч ирээдүйн тохиролцсон ханшаар эргүүлэн борлуулах, худалдан авах арилжааг хэлдэг. Төвбанкны хийсэн ам.долларын своп хэлцлийн 51 хувийг Худалдаа хөгжлийн, 21-ийг нь ХААН, 14-ийг “Голомт”, 12-ыг нь ХАС банк эзэлсэн аж. Монголбанк ийнхүү их хэмжээний алдагдал хүлээж байхад арилжааны банкууд тэр хэрээр ашиг олсон байв. Арилжааны банкуудтай ийм своп хэлцэл хийхдээ “Валютын болон банк хоорондын зах дахь валютын эргэлтийг зохистой түвшинд хангах зорилгоор санхүүгийн үүсмэл хэрэгслийн хэлцэл хийх заавар”-ыг баримталсан юм билээ. Уг заавар, журмынхаа дагуу бол долоо хоног тутамд дотоодын арилжааны банкуудтай хийсэн своп хэлцлийн үнэ цэнийг тодорхойлж, нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцэлд тусгаж байсан гэнэ. Уг тайлан, тэнцлээс нь дүгнэхэд своп хэлцлийн дахин үнэлгээний хэрэгжээгүй алдагдал (unrealized loss) 1.3 их наяд гаруй төгрөг, хэрэгжсэн ашиг нь 96.8 тэрбум байжээ. Алдагдал хүлээсэн шалтгааныг ажлын хэсгийнхэн дүгнэхдээ төгрөгийн ханш унасантай холбосон юм. Тодруулбал, “Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2012-2015 онд ойролцоогоор 70 хувь суларсан бөгөөд ам.долларын своп хэлцлийн хувьд төлбөр хийхийн өмнөх өдрийн ханш спот ханшаас өндөр байснаас болсон” гэжээ. Мөн своп хэлцэл байгуулахдаа төгрөгийн эх үүсвэрийн хүүг 11-18 хүртэл хувиар хэт өндөр тогтоосон, юань (0.3764-0.07971), ам.доллар (0.094-13.5)-ынхыг бага түвшинд харилцан тохиролцсон, форвард ханшаас зарим тохиолдолд 174.92 төгрөг хүртэл доогуур байснаас үүдэн 1.3 их наядын алдагдал хүлээсэн гэж үзсэн байх юм.
Монголбанк свопоос гадна форвард хэлцлээсээ ч их хэмжээний алдагдал хүлээсэн гэж УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийнхэн дүгнэжээ. Форвард хэлцэл гэж талуудын хэлцлийн дагуу валютыг тохирсон үнээр тодорхой хугацааны дараа худалдан авах, борлуулах ойлголтыг хэлдэг. 2012-2016 онд арилжааны банкуудтай 545.7 сая ам.долларын, 1.6 тэрбум төгрөгийн ийм хэлцэл хийсэн байж. Үүнийх нь ашиг, алдагдлын нийлбэр дүнгээр тооцоход 362.2 тэрбум төгрөгийн бодит алдагдал хүлээснийг ажлын хэсгийнхэн тайландаа бичжээ. Төвбанкнаас дотоодын арилжааны банкуудтай хийсэн форвард хэлцлийнх нь 62 хувийг Худалдаа хөгжлийн, “Голомт” 23, ХАС 11-ийг нь эзэлсэн байна. Энэ хэлцлийн хэрэгжээгүй алдагдал 78.1 тэрбум, хэрэгжсэн нь 362.2 тэрбум шахам төгрөг болсон юм. Форвард хэлцлийг байгуулахдаа мөн л своп хэлцэлтэй адил ханшийн зөрүү, хэт өндөр, бага хүү зэргээс үүдэлтэй болохыг тогтоож. Своп, форвард хэлцлээс 2012-2016 онд нийт нэг их наяд 726 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсний дийлэнх буюу 1.6 их наяд нь 2014-2016 онд хамаарч буй гэнэ.

Ажлын хэсгийнхэн дүгнэхдээ “Монголбанк хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд санхүүгийн үүсмэл хэрэгслийн ашиг, алдагдлыг бүрэн хянах боломжтой байтал дотоодын банкуудтай своп, форвард хэлцэл байгуулсны улмааc их хэмжээний алдагдал хүлээж, энэ нь хуримтлагдсан алдагдал нэмэгдэхэд гол нөлөө үзүүлсэн байна. Тодруулбал, Монголбанкны зүгээс мөнгөний бодлого, зах зээл дэх гадаад валютын арилжааны үйл ажиллагаагаараа валютын ханшид хяналт тавих, зохих зохицуулалт хийх чиг үүрэгтэй бөгөөд үүнийгээ хэрэгжүүлэх арга хэрэгслүүдтэй. Монголбанк хүү болон валютын ханшийг урьдчилж тооцож ажилладаг бөгөөд 2012-2016 онд своп, форвард хэлцлээс их хэмжээний буюу 1.7 их наядын алдагдал хүлээх үндэслэл байхгүй. Своп, форвард хэлцлийн алдагдал 2012 онд 10.6 тэрбум төгрөг байсан бол 2014 оноос 363.5 тэрбум төгрөг болж 36 дахин огцом өсөн, 2016 онд 2012 оныхоос 93 дахин нэмэгдэн 931.7 тэрбумд хүрсэн байна. Монголбанкны хүлээсэн их хэмжээний алдагдлын дүнгээр арилжааны банкууд ашиг олжээ” гэсэн байх юм.
Өөрөөр хэлбэл, Төвбанкны тухайн үеийн удирдлага арилжааны банкуудыг ивээн тэтгэж, төрийг хохироосон гэхэд хилсдэхгүй нь. Хэрэв Монголбанкны удирдлага хуулийн дагуу ажилласан бол өнөөдөр Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн зарим нь ханшийн алдагдал хүлээхгүй байх боломж байсан ч юм бил үү.
“ШУНХЛАЙ”, НИК, “СИНЧИ ОЙЛ” ЗЭРЭГ КОМПАНИЙНХАН ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨРӨНГИЙГ ЗОРИУЛАЛТ БУСААР ЗАРЦУУЛАВ
Төвбанк Засгийн газартай хамтран Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр батлан 2012 оны аравдугаар сараас хэрэгжүүлсэн ч үр дүнгүй байсан талаар бид өмнөх нийтлэлээрээ хүргэсэн. Тэгэхдээ хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад зарцуулсан хөрөнгийн зарцуулалтын талаар мэдээлсэн билээ. Энэ удаа шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөрийн санхүүжилтээс ямар зөрчил илэрсэн талаар уншигчдадаа хүргэе. Монголбанк, Засгийн газраас хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнгийн талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийнхэн дүгнэлтдээ “Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд бэлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн нь үнийг тогтворжуулах бус, инфляц өсөх нөхцөл бүрдүүлсэн. Хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор олгосон зээлийн хүү бодит зээлийн хүүгээс алдагдалтай байсан нь Монголбанк, Засгийн газрын хооронд хийсэн санамж бичиг үнэ цэнээ алдсан, үр өгөөжгүй байсны илрэл” гэж байсан билээ.
Монголбанкны тухайн үеийн ерөнхийлөгч Уул уурхайн сайдтай хамтран 2012 оны аравдугаар сарын 26-нд тушаал гаргаж, Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр (SIFS) хэрэгжүүлж байв. Түлш, шатахуун импортлогч компаниудын жижиглэнгийн борлуулалтад хөнгөлөлттэй зээл олгох, валютын ханшийн эрсдэлийг бууруулах зорилгоор санхүүгийн үүсмэл хэрэгслийн хугацааг сунгах, түүнд хүүгийн дэмжлэг үзүүлэх замаар шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах зорилготой дээрх хөтөлбөрт НИК, “Петростар” (Петровис), “Магнай трейд”, “Шунхлай” зэрэг энэ салбарт бизнес эрхэлдэг 14 аж ахуйн нэгж хамрагдан 226.4 тэрбум гаруйг тэдэнд олгосон аж. Эдгээр аж ахуйн нэгж уг хөтөлбөрийн хүрээнд 1.3-57.4 тэрбумын зээл төрөөс авсан байх юм. Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн зээлийн гэрээний 3.1.1 дэх хэсэгт “Хэрэгжүүлэгч компани нь санхүүгийн үүсмэл хэрэгслийг шатахууны жижиглэнгийн импортын төлбөр тооцоо хийхэд ашиглана” гэж заасан атал үүнийг зөрчин, 94.4 тэрбумыг нь зориулалт бусаар зарцуулсныг аудитын шалгалтаар тогтоосон байна. Тухайлбал, “Хөрс автосервис” ХХК-ийнхан 389.4 сая төгрөгөөр дотоодын аж ахуйн нэгжээс шатахуун худалдаж авсан, 508.9 саяыг өмнө нь авсан зээлээ төлөхөд зарцуулсан, 579.4 саяыг бэлнээр авч ашигласан зөрчил гаргаж.
“Синчи ойл”-ынхон ч ялгаагүй 864.6 сая төгрөгөөр “Магнай трейд”, “Шунхлай”, “Хөвсгөл трейд”, “Петрожамп” зэрэг аж ахуйн нэгжээс шатахуун худалдаж авах, агуулахын түрээс төлөх, өмнө авсан 642.5 сая төгрөгийн шугамын зээлээ хаахад зориулжээ.
“Шунхлай” ХХК-ийнхан форвард хэлцлээр авсан ваютын эх үүсвэрээс зээл төлөхөд 56.1, групп хоорондын утга тодорхойгүй гүйлгээ хийхэд 20 гаруй тэрбум, санхүү, хуулийн үйлчилгээ авах, гэрээний торгуулийн төлбөр төлөхөд 410.5 сая, мазут, битум худалдан авахад 1.1 тэрбум орчим, “Хьюндай моторс” компанид 875.3 сая төгрөг шилжүүлсэн, своп хэлцлээр авсан 2.5 сая ам.долларыг дансандаа удаан хугацаагаар байлгасан зэрэг зөрчил гаргасан байна.
НИК компанийнхан форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс 888 сая төгрөгөөр битум, 492.8 саяар тос худалдан авсан бол нэг тэрбум 844.5 сая төгрөгөөр шугамын зээлээ төлжээ.
“Ойн бирж” ХХК-ийнхан 7.2 тэрбум төгрөгөөсөө таван тэрбум илүүгээр нь өмнө авсан зээлээ төлж, хувь хүний данс руу 42 саяыг шилжүүлсэн, шингэрүүлсэн хийн колонк худалдан авахад 69.2, татварын өр төлөхөд 5.9 саяыг зарцуулсан нь зээлийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэж дүгнэхэд хүргэжээ.
Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн үр дүнгийн талаар дээрх ажлын хэсгийнхэн дүгнэхдээ “Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ харьцангуй тогтвортой, ирээдүйд буурах хандлагатай байсан үед Монголбанкны ерөнхийлөгч болон Уул уурхайн сайд хамтран хөтөлбөр баталж хэрэгжүүлснээр Монголбанк зээлийн хүүгийн бодит бус алдагдалд 54 тэрбум гаруй төгрөг, валют арилжааны ханшаас бодитоор 354.2 тэрбум төгрөг алдсан байна.
Үүнээс үзэхэд дэд хөтөлбөр хэрэгжүүлэх үед ажиллаж байсан Монголбанк, Уул уурхайн яамны холбогдох удирдлага газрын тосны дэлхийн зах зээл дэх үнийн бодит судалгаа, цаашдын хандлага болон эдийн засгийн зөв тооцоонд үндэслэлгүйгээр уг хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Монголбанкны ерөнхийлөгч нь Төвбанкны тухай хуулийн 23.1.3 дахь хэсэгт заасан “Засгийн газар болон банк, Хадгаламжийн даатгалын болон Ирээдүйн өв сан корпорац, Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан шууд оролцогч, оператороос бусад хуулийн этгээд, иргэний мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалах, төлбөр тооцоо хийх, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглох” заалтыг зөрчиж, SIFS хөтөлбөрт хамрагдаж зээл авах компаниудын нэр, зээлийн хэмжээг заасан.
Мөн хуулийн 23.1.7-гийн “хуульд зааснаас бусад тохиолдолд хүн, хуулийн этгээд, тухайлсан банканд эдийн засгийн буюу арилжааны давуу байдал бий болгосон, эдийн засгийн тодорхой салбарт зориулсан тэнцлийн болон тэнцлийн гадуурх аливаа хэлцэл, гүйлгээ хийхийг хориглох” гэснийг зөрчин дээрх хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх валютын ханшийн хөнгөлөлтийг тогтоож өгчээ.

