
Өнгөрсөн баасан гарагт болсон Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар 17 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ. Тухайлбал, банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоёр компанид банк бус санхүүгийн нэр бүхий дөрвөн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгох, хаалттай өрийн бичиг бүртгэхээр шийдвэрлэсэн байна. Мөн нэг компанийн хувийн хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэсэн аж. Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөрөл, эрх олголт, бүртгэлийн журмын хүрээнд дээрх чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид олгожээ. Бас үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэр бүхий нэг хуулийн этгээдэд олгох, мөн нэг компанийн ББСБ-ын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэсэн гэнэ.
Бэлтгэсэн Ц.Ундрал