
Нийслэлийн дийлэнх зах, худалдааны төвд энэ сарын хоёрдугаар долоо хоногийн байдлаар хонины ястай махыг нэг кг-ыг нь дунджаар 11 700, үхрийнхийг 13 800 төгрөгөөр борлуулж буй аж. Энэ нь үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногийнхоосоо 260 төгрөгөөр хямдарч, хониных 170-аар нэмэгдсэн дүн болсныг нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ. Түүнчлэн хаана борлуулж буйгаас хамаарч махны үнэ кг тутамдаа 4500 орчим төгрөгийн зөрүүтэй байсан аж. Монгол төмс кг нь дунджаар 1200, байцай 2500, лууван 3000, хүрэн манжин 3800 төгрөгийн үнэтэй байгаа нь долоо хоногийн хугацаанд 1.6-5 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Ташрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногийн байдлаар “Алтан тариа” компанийн дээд зэргийн, нэг кг-аар савласан гурил дунджаар 1600 төгрөгийн үнэтэй байсан нь жилийн хугацаанд 300 гаруй төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг.
Бэлтгэсэн С.Дулам