
Мэргэжлийн боловсролын асуудлыг энэ оноос БШУЯ хариуцах болсонтой холбогдуулан тус яамнаас салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулжээ. Харин өчигдрөөс Техникийн, мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон хуулийн төсөлд салбарын ажилтнуудын саналыг авч эхэллээ. Мөн БШУ-ы сайд тус салбарт баримтлах бодлого, хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг танилцуулав. Тэрбээр өдгөө улсын хэмжээнд 75 сургалтын байгууллага 4060 гаруй багш, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж, 40 165 хүн суралцаж буйг онцлоод цаашид МСҮТ болон политехник коллежийн удирдлагад менежментийн зарим эрхийг олгож, сургалтын олон хувилбарыг дэмжиж ажиллахаа хэллээ. Мэргэжлийн боловсролын 2.5 жилийн хөтөлбөрийг гурав болгох, боловсролын байгууллагууд хооронд кредит хөрвүүлэх боломжийг бүрдүүлэх, сургуулиудын бие даасан байдлыг дэмжин, гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо нэвтрүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж буйгаа салбарын сайд онцлов.