
Хан-Уул дүүрэгт байрладаг “Garden villa” хотхоны 180 дугаар байрны D блокийн орон сууцын зарим давхрын хана цуурч эхэлжээ. Оршин суугчид аюулгүй байдлаа хангахын тулд мэргэжлийн байгууллагад мэдэгдсэн байна. Тус хотхоныг ашиглалтад оруулаад ердөө найман сар болж байгаа атал ийм асуудал үүсжээ. Тухайн байрны оршин суугч энэ талаар “Garden villa”-гийн 180 дугаар байранд ийм аюултай байдал үүсээд байна. Манай орон сууц нурахгүй гэсэн баталгаа бий юү. Ашиглалтад ороод удаагүй байгаа. Энэхүү орон сууцыг “Бат бөх констракшн” компанийнхан барьсан. Ийм чанаргүй барилга барьж, олон хүний мөнгөөр тогложээ” хэмээв. Уг орон сууцыг хариуцагч байгууллагынхан байрны хананд үүссэн цууралтыг уржигдраас засаж эхэлсэн байна. Тийм хэдий ч иргэд айдастай байгаа аж. Улмаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэхээр санал хурааж эхэлжээ. Түүнчлэн оршин суугчид уг асуудлаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтэст гомдол гаргасан байна. Үүний дагуу тус хэлтсийн байцаагчид “Garden villa” хотхонд хяналт шалгалт хийж эхэлжээ. Улмаар шалгалтын дүнг эргэн мэдээлнэ гэв.
Бэлтгэсэн Д.Тэлмэн