
МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, МЗЭ-ийн шагналт зохиолч Сааюугийн Баттулгын бүтээл “Энхриймаа” хэмээх өгүүллэг юм. Тэрбээр “Чулуужсан бичиг”, “Ур модны зүүд”, “Улаан урлан” зэрэг хүүрнэл зохиолын ном, “2000” болон эдүгээ кинотеатруудаар гарч буй “Тал нутгийн зомби” киноны зохиолыг бичсэн, утга зохиол сонирхогчдын танил уран бүтээлч билээ.
Зуны амралтаар намайг гэртээ харих үед манайх зэргэлдээх сумын нутагт зусаж байгаа сураг дуулдав. Учир нь манай сумаар хавраас хойш огт бороо ороогүй халуун салхи шуурсаар байгаад малын хамар хатгах өвс ургах нь бүү хэл, өнжмөл жаахан хур өвс нь хүртэл малын хөлөөр халцарч, мэлийсэн цагаан тал тоосрохоос өөр юмгүй гантай зун болжээ. Манай нутгийн айлууд бүгдээрээ зэргэлдээх сумдын нутгаар отор хийн зусаж байгаа гэнэ. Аав, ээж хоёр маань хүргэн ахынхтай цуг хоёр гэрээрээ зусацгааж байгаа ажээ. Гэрийн зүг яаран явахдаа яагаад ч юм бэ, би Энхриймаагийн тухай бодсоор явлаа.
…Одоогоос хэдэн жилийн өмнө. Найр наадмын хөлөөр нутгийн толгод хөлчүүрхсэн мэт зэрэглээн дундаа гуйвалзан нэг өндөрсөж, нэг намсаж харагдах намрын дунд сард сан. Сургууль цуглах арайхан болоогүй, дэрсэн тойрмын хэдэн лам шувуу үр дэгдээхэйгээ дагуулан өд сөдөө засан шилгээх зуураа шанаган хорхой түүж, маани мэгзэм унших мэт дуугарсан нэг өдөр, Должин эмээгийн манайх хоёр буудал сэлгэн айлсахад Энхриймаа бид хоёрт чухам л тавилан гээч нь тохиож билээ. Энхриймаа хол зөрүүтэй гарсан хоёр хүүхэдтэй айлын отгон нь. Тэгээд ч айлын ганц охин болохоороо жаахан эрхдүү. Должин эмээгийнд төөрөг андуурч төрсөн байх гэж бодогдмоор дэрвэгэр сормуустай, том алаг нүдээрээ инээмсэглэсэн өндөр гоолиг нуруутай охин. Манай сургуулийн хөвгүүд Энхриймааг “Арван жилийн алаг нүдэн” гэж дууддаг сан. Яагаад ч юм бэ, надад түүнтэй цуг байхад нэг их жаргалтай, сэтгэл дүүрэн байдаг байлаа.
Хоёр гэрээрээ айлсаж бууснаас хойш Энхриймаа бид хоёрын ярианы сэдэв дуусна гэж ер үгүй, зуны амралтаараа юу хийсэн тухай, мөн ирэх жил аравдугаар ангиа төгсөөд ямар мэрэгжилтэй болох тухай гээд л үдшийн тэнгэрт од түгтэл мөрөөдөж хотны захад нутгийнхаа торгон улаан элсэн дээр гар гараа атган суудаг сан. Би түүнийхээ халуухан гар, тэр үеийн анхныхаа үнсэлтийг хэрхэн мартах билээ дээ. Зуны амралт дуусаж хичээл эхлэхэд бид хоёр хэзээний хосууд адил үерхэж надад атаархсан хөвгүүдийн харцан дундуур туучин дэндүү их аз жаргалтай байсан. Даанч биднийг аравдугаар ангиа төгсөх жил ээжийнх нь бие гэнэт өвдсөн тухай хэл чимээ ирснээр Энхриймаа хэд хоногийн чөлөө авч яваад сургуульдаа буцаж ирээгүй. Ээжийнх нь бие гайгүй болсон ч тэрээр яагаад сургуулиа орхих болсон юм бүү мэд. Магадгүй ээжид нь түүний асрамж, сувилгаа хэрэгтэй байсан ч байж мэдэх юм. Энхриймаа түр чөлөө авч яваад буцаж ирээгүй тэр өдрөөс хойш би түүнтэй уулзаж амжилгүй явсаар хэдэн жилийн дараа оюутныхаа амралтаар гэртээ ирэхэд аав духыг минь зөөлхөн үнэрлэснээ:
-Миний хүү ашгүй гэрээ олоод ирээ юү. Ойрын жилүүдэд тийм айхавтар ган болохыг ер үзээгүй юм сан. Энэ нутагт отор хийсэн нь оносон юм, тэгээгүй бол хэцүүдэх байлаа. Чамайг хотод эхнэртэй болсон гэж дуулсан. Хүү минь эхнэрээ дагуулаад ирэхгүй дээ. Аав, ээжтэйгээ танилцуулдаг байгаа даа, хэмээн нэлээд гомдонгуй өгүүлэв. Гэтэл надад юуных нь эхнэр байх билээ дээ. Өнгөрсөн өвөл ангийнхаа охинтой хамт явж байгаад нутгийн хүнтэй санамсаргүй тааралдаж, нутаг усны сонин яриад өнгөрсөн нь ийм цуурхал болж тарснаас гарцаагүй.
Гэрийнхэн маань намайг хотоос ирсэн дарга сайдын дайтай хүндэлж хонь гаргаж, хамаг л амттай бүхнээ өмнө минь өрнө. Би ч гэрт зүгээр суугаад байх хүсэлгүй тул адуу малд явж үзэж хараагүй газар, уул усны сайханд хэд хоног сайхан амарч байлаа. Нэг өдөр намайг малд яваад оройхон гэртээ ирэхэд багын маань найз халзан Зоригоо ирчихсэн нэлээд хүлээсэн янзтай сууж байлаа.
Түүнийг бид “Эрдмийн агуулах” гэж хочилдог байж билээ. Учир нь тэрээр нэг удаа төрөлхийн халзан толгойгоо бидэнд гайхуулж, “Эрдэмтэй хүн чинь халзан байдаг юм. Яагаад гэвэл эрдэм ном оройдоо гарч байгаа нь тэр. Худлаа гэвэл та нар Оросын хувьсгалын аугаа их удирдагч Ленин багшийг хар л даа тийм байгаа биз дээ” гээд ангид байдаг зургийг нь зааж “Тэгэхээр миний энэ халзан толгой эрдмийн агуулах л гэсэн үг” гэж хэлээд инээж билээ. Түүнээс хойш бид түүнийг “Эрдмийн агуулах” гэж дууддаг болж билээ. Харин тэрээр есдүгээр ангид байхдаа сургуулиас гараад малчин болчихсон доо. Ойрд уулзаагүй бид хоёр дуу алдан тэврэлдлээ. Тэр үдэш бид газар орон, нутаг ус, хот хүрээ болон ангийнхныхаа тухай ярилцсаар нэг мэдэхэд гадна харанхуй болж гэрт дэн асаасан байлаа. Зоригоог явахаар босоход аав “Хүү минь хоноод яв” гэсэнд:
-Одоо явахгүй бол болохгүй, ардаа ажилтай гээд над руу сэмхэн нүд ирмэж,
-Цуг явъя. Ганц нэг нутгийн айлаар бууя. Манайд очьё гэсээр дагуулан мордлоо. Би ч ээжийнхээ оёж өгсөн цэнхэр цэмбэн дээлэн дээр шар дурдан ороож, хромон гутал жийж, аавын бүрхийг духдуулснаар жинхэнэ хөдөөх залуу эр боллоо. Бид хоёр нутгийн айлуудаар бууж мордсоор шөнө дунд тэднийд очлоо. Хот айлынхан унтаагүй, олон хүн гарч, орон биднийг хүлээж байв. Зоригоогийн аав, ээж намайг ирсэнд бөөн баяр хөөр болж:
-Найзыгаа гэрлэх гэж байхад нь хүрээд ирдэг, овоо доо миний хүү, найз нөхөд гэдэг чинь ийм л сайхан. Эрхэмээ маань гэрлэчихсэн гэл үү. Хаанахын ямар охин бэ хэмээн зэрэг зэрэг асуув.
-Үгүй, би гэрлээгүй. Харин Зоригоо маань гэрлэх гэж байгаа юм уу. Чи надад яагаад хэлээгүй юм бэ гэхэд, Зоригоо:
-Харин, тийм ээ. Найз нь чамайг дагуулж ирсэн нь ийм учиртай юм шүү дээ. Өнөө шөнө гэрээс нь оргуулж авах санаатай. Тэднийх эндээс холгүй зусаж байгаа. Одоо ингэсгээд хоёул мордъё, болзсон цаг ч удахгүй болох нь гэсээр суудлаасаа өндийхөд би ч дагаж бослоо. Бид хоёр уяан дээрээс аль хэдийн эмээллэж зэхсэн хөтөлгөө морь цулбуурдан мордож баруун тийш хатируулав. Би Зоригоогоос “Хэний охин юм бэ. Би таних юм уу” гэж асуусанд:
-Танина, аа танина. Би сандраад байна. Сүүлд бол гэснээс өөр юм хэлсэнгүй. Удалгүй нэгэн хот айлын ойролцоо ирж, гэрийн зүүн талын хонхорт морьдоо тушиж орхиод, явганаар гэрт ойртож очиход бяруу шиг том хэдэн нохой хөв хөв боргосоор дөхөж ирснээ Зоригоог таньж сүүлээ шарвагануулан эрхлэв. Бид хоёр сэмээрхэн гэтэн явсаар гэрийн дэргэдэх хураалттай аргалын ард очиж хэвтлээ. Сар тэнгэрийн хаяа руу хэдийн шингэж улам ч харанхуй болсон байлаа. Чимээ чагнахад үхэр хивэлгээ хивж, хонь мал яриглахаас өөр чимээ аниргүй. Гэрийн хаалга аяархан онгойж нэг хүн гарч ирлээ. Тэрээр биднийг чиглэж ирэхэд би энэ Зоригоогийн эхнэр болох бүсгүй юм байна гэж ойлголоо. Зоригоо түүнийг тосож очин тэрүүхэн тэндээ шивэгнэлдэн ярилцаад над руу хүрч ирэв. Харанхуйд царай зүс нь сайн мэдэгдэхгүй ч нэлээд өндөр гоолиг бүсгүй ажээ.
Морьд дээрээ ирэх үед хажуугийн хот айлын ноход чимээ аван хуцалдахад бид ч мориндоо яаран мордов. Гэтэл бүсгүйн унасан морь хазаар даран дугтарч урагш ухасхийхэд би түүнтэй зэрэгцэн давхиж суран жолоон дээрээс нь татаж эргүүллээ. Би сая л бүсгүйн гарыг жолоотой нь давхар атгаснаа анзаарч морин дээрээсээ тонгойн цулбуурыг авч араас гүйцэж ирсэн Зоригоод өгч хөтлүүллээ.
Яагаад ч юм бэ, тэр бүсгүйн гар хачин дулаахан сэтгэлд нэг л ойр дотно санагдаж, гарын минь алга халуу оргин байх шиг. Биднийг Зоригоогийнд ирэхэд тэдний гэрийн тооноор гэрэл гарч, шөнөжингөө найранд бэлтгэсэн хүмүүс гэрээс гарч, орж гүйлдэнэ. Шинэ гэрийн гадна хаалганд нь тулгаж том цагаан эсгий дэвссэн нь харанхуйд цайрч харагдана. Бүсгүйн унаж ирсэн морины цулбуурыг нэгэн хүн тосон авч хөтөлсөөр цагаан эсгий дээр гаргах гэсэн боловч морь хамраа дуугарган хойш цахлахад нүдийг нь даавуугаар боож байгаад эсгий дээр гаргалаа. Хоёр хүүхэн шинэ бэрийг мориноос нь сугадан буулгаад сүү амсуулж дотогш оруулав. Харин Зоригоо бид хоёр морь харахаар гэрээс холдлоо.
Тэнгэрийн хаяанаас үүр тэмдгэрч үзэгдэнэ. Хотон дахь хонь мал тааваараа хэвтэж хивэлгээ хивэх сонсогдоно. Уяан дээрх морь дөрөө хангинуулан шилгээхэд, найз минь бэлгэшээж амандаа ямар нэгэн зүйлийг аяархан шивэгнээд шивширлээ. Зэрэгцэж зогсоод би, түүнээс:
-Ингэхэд чи хаанахын хэнийг эхнэрээ болгоод аваад ирэв ээ гэж асуухад:
-Нээрээ би чамд хэлж амжаагүй яваа бил үү. Чи танина даа. Арван жилд манай нөгөө ангид байсан. Энхриймаа… Түүний хамгийн сүүлд хэлсэн үг тархин дундуур татаад авах шиг боллоо. Хоолой дээр нэг юм тээглэчихээд дуугарч чадсангүй. Өдөр байсан бол миний царай ямар болж хувирсныг найз маань анзаарах байсан биз. Энэ үед нэг хүүхэд гүйж ирээд “Зоригоо ах, аа таныг ээж шинэ гэрт ороод ир гэж байна хэмээв. Зоригоо надад хандаж:
-Миний найз, аавынд ороод байж бай. Найз нь гэртээ орлоо гэж хэлээд шинэ гэр өөдөө алхлаа. Надад гэрт орох хүсэл төрсөнгүй. Сэтгэл минь яг л шувуудаа үдсэн нуур шиг эзгүйрчихэж. Энхриймаад ч тэр, муу халзан найздаа ч тэр яасан гэж ч гомдох билээ дээ. Ядахдаа намайг нутаг усаар нэг эхнэр, хүүхэдтэй болсон тухай цуурхал тарчихсан байхад тэр маань ч тэгж ойлгоо биз. Би ч гэсэн дээ нүдээ боолгосон морь шиг л явж байдаг. Одоо нэгэнт ийм болсон хойно би Энхриймаад харагдаж сэтгэлийг нь үймүүлээд яах ч билээ дээ. Ямар би чамайг хадамд гаргаж, нөхрийн чинь гэрийн босгийг алхуулсан шүү гэж хэлэлтэй биш.
Намайг мориндоо мордож тэднийхээс холдох үед хөгшчүүл найрын дуу эхлүүлж, уртын дуу шуранхайлж, эртэч шувууд өглөөний шүүдэр үнэртсэн тунгалаг агаарт жиргэх нь сонсогдоно. Тэртээд манай сумын нутаг зүгт тэнгэрийн хаяанд үүлс хуралдаж цахилгаан гялбана. “Ган тайлагдах нь дээ, Одоо ч ногоо сайхан ургана даа, гэж бодоход сэтгэл нэг л сайхан хөнгөрөөд явчихлаа.
Ая аа, миний алаг нүдэн Энхриймаа…