Загварын шоу гэхээр л урт нарийн зам дээгүүр янз бүрийн хувцас өмссөн залуус, бүсгүйчүүд сүлжилдэн алхдаг гэсэн ойлголтыг үгүй хийж чадсан “Монгол костюмс” төвийн гурав дахь “Театр мода” өнгөрсөн баасан гаригт Улсын филармонид болж өндөрлөлөө. Үнэнийг хэлэхэд ийм жижиг тайзтай танхимд хэрхэн загварын шоу зохион байгуулах нь сонирхолтой байлаа. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар шоуг хөтөлнө гэсэн учраас “Монгол хувцасны нууц товчоо”-г үзэхийн зэрэгцээ уран яруу үгээр илэрхийлэгдсэн Монголын түүхийг сонсоно гэж бодсон ч талаар болов. Хөтлөгч нь тодорхой бус шалтгаанаар солигджээ. Гэсэн ч шоу товлосон цагтаа эхлэв. “Монгол костюмс” төв саяхан “Монгол хувцасны нууц товчоо” нэртэй ном хэвлүүлж, судлаач загвар зохион бүтээгчдийнхээ урын санг дэлгэсэн.
Энэ шоу номын үргэлжлэл буюу биежүүлсэн хэлбэр нь байв. Хүннү, Түрэг, Уйгар, Кидан зэрэг түүхэн улсуудын хаадын гоёлыг өвөрмөц дэглэлт, бүжиг, жүжиглэлтэйгээр үзүүлж араас нь загварын иж бүрдлээ танилцуулж байсан юм. Тус төвийн загвар зохион бүтээгчид байнга судалгаа хийж, түүхэн хувцасны хэв шинжийг хадгалсан орчин үеийн загвар бүтээдэг онцлогтой. Энэ удаа эртний хатны гоёлыг бэлхүүсээрээ салангид энгэр, хормой гэсэн бүтэцтэйгээр дүрсэлжээ. Эртний улсуудын загварыг танилцуулсны дараа Их эзэн Чингис хааны үеийн гоёлыг үзүүлэв. Үүндээ бөө, хатдын бүжгийг хавсаргаж, хоёр баатраар хамгаалуулжээ.
Их Монгол Улсын үеийн гоёл хэдийнэ монголчуудын танил болсон учраас онцгойлох зүйл бараг байсангүй. Улмаар Богд хаант Монгол Улсын үеийн хувцасны хэв маягийг Богд хаан, Дондогдулам хатан, ихэс ноёд, Оросын цагаантан, Ардын засгийн журамт цэргээр төлөөлүүлэн үзүүлэв. Үүний дараа хүрээ гоёл өмссөн бүсгүйчүүд гарч ирсэн. Мөн шоуны хамгийн гайхалтай үзүүлбэр нь есөн эрдэнийн гоёл байв. Өнгө өнгийн сувсаар алт, мөнгө, шүр, сувд эрдэнийн гоёлыг төлөөлүүлэн бүтээсэн нь гайхалтай. Шинэ санаа, баялаг зохиомжтой байсан гэдгээр нь “Монгол хувцасны нууц товчоо” загварын шоуг үнэлж болох ч үзүүлбэр хоорондын хөгжим, гэрэл, техникийн “завсарлага”, юу хийж байгаагаа мартаж, будилсан загвар өмсөгчид том нэртэй шоуны сүрийг бага зэрэг дарж байв.
Түүнчлэн нэгэнт “Театр мода” гэж онцгойрч байгаа бол загвар өмсөгчдийн нүүр будалтад ч анхаарах хэрэгтэй санагдсан. Зовхиндоо хэтэрхий өргөн контур тавьж, аальгүйтэн инээх эмэгтэй Их Монгол Улсын үеийн хатдын хувцас өмсчихөөр нүдэнд дасаж өгөхгүй төвөгтэй харагдаад байлаа. Бүтээлээ арвижуулж, судалгаа хийсээр байгаа загвар зохион бүтээгчид болон “Монгол костюмс”-ийн хамт олны хоёр жилийн дараа хийх “Театр мода” илүү чанартай, зохион байгуулалттай байна гэдэгт найдъя.
Ж.СОЛОНГО