
Орон сууцуудын лифт буюу цахилгаан шат гацлаа, гэмтлээ, уналаа гэх мэдээллийг бид олонтоо сонсож байсан. Өдгөө ч энэ байдал цэгцрээгүй, цахилгаан шаттай холбоотой эвдрэл гэмтэл, үүнээс улбаалсан ослын талаарх таагүй мэдээ чихнээс “хонх уясаар” байх бололтой. Үүний баталгаа нь Цагаан сарын өмнө буюу нэгдүгээр сарын 26-нд гурван настай хүүхэд лифтний хонгил руу унаж, амиа алдсан эмгэнэлт явдал юм. Харахаас нүд халтирч, сонсохоос сэтгэл эмзэглэм энэ явдлын дараа барилга барьсан компани, хүлээж авсан Улсын комисс, лифтийг хариуцаж буй СӨХ гээд хамаарч болох бүх байгууллагынхан “арьсаа хамгаалснаас” өөр дорвитой ажил хийгээгүй. Шуудхан хэлэхэд, хариуцлага хүлээх хүн олдоогүй. Ер нь энэ мэт осол, гэмтэл бүрийн дараа СӨХ-д нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг аргацаагаад өнгөрдөг байдал газар авсан.
Дээр дурдсан эмгэнэлт явдал Баянгол дүүргийн нутаг дахь орон сууцад гарсан. Уг орон сууцын цахилгаан шатнууд сүүлийн 10 жилд байнга шахам эвдэрч байсан гэнэ. Жишээ нь, осол гарсан орц хоёр лифттэй. Нэгийг нь урд хөршид, нөгөөхийг нь БНСУ-д үйлдвэрлэжээ. Эхний лифт нь үлгэн салган ажиллаж байсан. Харин хоёр дахь буюу БНСУ-д үйлдвэрлэсэн нь эвдрээд удсан ч засаж, шинэчлэлгүй байсаар эмгэнэлт явдал гарч, хүүхэд эндэв. Өөрөөр хэлбэл, энд тэндээс авсан, ашиглалтын шаардлага хангахгүй цахилгаан шатнуудыг эл байранд суурилуулсан байжээ. Эл хэргийг өдгөө цагдаагийн байгууллага шалгаж буй

Уг эмгэнэлт явдал бол зөвхөн нэг тохиолдол юм. Үүнтэй адил ашиглалтын шаардлага хангахгүй лифттэй орон сууц нийслэлд цөөнгүй. Өөрөөр хэлбэл, чанарын шаардлага хангахгүй цахилгаан шат суурилуулснаас үүдэн хэзээ ч, хэдийд ч иргэд эрүүл мэндээрээ хохирох, магадгүй хүний амь эрсдэж болзошгүй нь. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг, Офицеруудын ордны урд талын “Х апартмент” хотхоны орон сууцуудын лифт асуудал дагуулж байв. 2018 оны аравдугаар сард “Х апартмент-I” хотхоны цахилгаан шатны хаалга цөмөрч, хүн гэмтэж байсан юм билээ. Тус байрны тавдугаар давхарт хоёр хүн маргалдсаны улмаас нэг нь нөгөөгөө цохиж, цохиулсан нь арагш савахдаа лифтний хаалга налж, улмаар доош унаж, хүнд гэмтсэн байдаг.
Хүний цусаар будагдаж, улаан толбо болсон шал, хана, цахилгаан шатны хонгилын зураг тухайн үед цахим сүлжээгээр тархаж, олны сэтгэлийг сэртхийлгэж байлаа. Мөн “Х апартмент-I” хотхоны оршин суугчид тухайн үед “Амьд явах баталгаа алга” хэмээн хэвлэлийн бага хурал хийсэн юм. Гэтэл гурван жил гаруйн дараа буюу өнөөдөр ч уг асуудлыг бүрэн шийдээгүй, цахилгаан шат асуудал дагуулсан хэвээрээ гэдгийг хотхоны оршин суугчид хэллээ. Лифт асуудалтай, үйл ажиллагаа нь доголдож байгааг тухайн орон сууцыг ашиглалтад оруулах үеэс л иргэд барилгын компанийнханд хэлж байж. Даанч борлуулж буй аж ахуйн нэгжүүд “Засна, шинэчилнэ” гэж аргацаасаар байраа заржээ. Гэтэл зарсныхаа дараа нь газрын гаваар орсон мэт сураггүй болж, утсаа ч авахгүй зугтсан аж.

Анхнаасаа буюу ашиглалтад оруулахаар Улсын комисст шалгуулж байхад л уг хотхоны орон сууцууд түмэн асуудалтай байсан гэнэ. Тухайлбал, “Х апартмент-II” хотхоныг Улсын комисс хүлээн авах үеэр гүйцэтгэгч компанийнхан 1-3 дугаар давхраа албаныханд шалгуулж, дээд давхруудын хонгилын хаалга, айлуудын үүдийг дангинатал түгжээд албаныхныг оруулаагүй аж. Албаныхан ч эхний гурван давхрын “өнгө үзэмжид” сэтгэл ханаад, дээш гарахгүй хэмээгээд буцжээ. Ингээд орон сууцыг ашиглалтад оруулсан байна. Эл үйл явцтай давхцаад дээр дурдсан “Х апартмент-I” хотхоны лифт унасан байдаг. Харин “Х апартмент-II” хотхонд “шинэ” лифт суурилуулжээ. Гэвч тухайн лифт нь сар гаруйн хугацаанд дөрвөн удаа гацсан байна. Оршин суугчид удаа дараа учрыг лавлахад хариуцсан компанийнхан шинэ л гээд гүрийгээд байж. Ийм маягаар мянгантаа хамгаалсан ч өнөөх цахилгаан шат нь бас ажиллагаагүй болж, зогсжээ. Бас шинэ бус, хуучин гэдэг нь ч бичиг баримтаар илэрч. Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллагаас уг лифтний ажиллагаа хэвийн гэх дүгнэлт удаа дараа гарсан байх юм.
“Х апартмент-II” хотхоны оршин суугч Д уг асуудалтай холбоотойгоор “Байр хүлээн авсан Улсын комисс, лифтийг хянаж шалгаж буй мэргэжлийн хяналтын байгууллагынхан барилгын компанийнхантай үгсэн хуйвалдсан байх. Ингэж хардах эрх бидэнд бий.
Нотолгоо үндэслэл ч байна. Нэг орцтой, 146 айлын “Х апартмент-II” хотхоныг ашиглалтад оруулахаар 2019 оны арваннэгдүгээр сарын 20-ноос Д.Жүрмэддорж даргатай Улсын комисс ажиллаж эхэлсэн. Мөнгөө өгөөд, байр захиалсан хүмүүс байраар байн байн эргэлдэж байсан. Барилгын ажил дуусаагүй, дотоод засал, ханын өнгөлгөө, ханын доод хүрээний амлагаа дутуу, хамаг ажил зуун задгай байсан. Гэтэл 2020 оны нэгдүгээр сарын 20-нд Улсын комисс хүлээгээд авчихсан. Тиймээс иргэд байрандаа орж, дотоод заслын дутуу хэсгүүдээ өөрсдөө хийсэн. Хуульд зааснаар орон сууцыг ашиглалтад оруулснаас хойших гурван жилийн дотор борлуулсан компанийнхан аливаа эвдрэл, гэмтлийг хариуцах ёстой.
Гэтэл бид цар тахлын оргил үеүдэд нэг лифтэнд шахцалдаж, халдвар шууд тархах аюултай нөхцөлд амьдарлаа. Өчнөөн олноороо ч “Ковид-19”-өөр өвдлөө. Энэ байрны чанартай холбоотой маш олон асуудал бий. Зураг төсөлдөө тагттай гэж заасан ч ачир дээрээ байхгүй. Бас аюулгүйн гарцгүй байр хүлээлгэж өгсөн. Хамгийн гол нь бид нэн тэргүүнд цахилгаан шатаа солиулж, өдөр бүр аюулгүй, айдасгүй амьдрахыг хүсэж байна. Гэтэл бидний санал хүсэлт, гомдлыг мэргэжлийн хяналтын байгууллага ч, одоо эл байрыг хариуцаж буй гэх “Улаанбаатар пропертиз” компанийн И.Бямбасүрэн ч үл тоож байна” хэмээв. Ийнхүү оршин суугчдын хэлснээр нэг орцод буй хоёр цахилгаан шат хоёулаа асуудалтай. Түүгээр зогсохгүй нэг нь “Х апартмент-I” хотхонд ашиглаж байгаад унасан, ашиглалтын шаардлага хангахгүй, бүр ажилладаггүй лифт гэнэ. Мөн нөгөөх нь байнга гацдаг аж.

Ийнхүү оршин суугчид тагтгүй, аюулгүйн гарцгүй, бүр лифтгүй байранд амьдарч байна. Ийм дүр төрх хотын хаа сайгүй. “Улаанбаатар лифт” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас мэдээлснээр нийслэлийн хэмжээнд 7000 гаруй лифт байдаг. Тэдгээрээс 134-ийнх нь ашиглалтын хугацаа дууссан гэнэ. Харин яг хэд нь хэвийн ажилладаг, хэд нь өнөө маргаашгүй унахад бэлэн, ашиглалтын шаардлага хангахгүй гэдгийг нь тогтоодог, хяналт тавьдаг төрийн байгууллага алга. Гол асуудал нь юу вэ гэхээр “Цахилгаан шатыг хянадаг байцаагч мэргэжлийн хяналтын байгууллагад ганц, хоёрхон байдаг. Бүх газарт очих боломжгүй” хэмээн ам таглах. Тэгээд бас “Цахилгаан шатны ашиглалт, гэмтлийг тухайн орон сууцын СӨХ нь хариуцах ёстой” хэмээн төрийн холбогдох байгууллагынхан өөрсдөөсөө зайлуулсаар өдий хүрлээ. Үүний горыг иргэд амиараа, эрүүл мэндээрээ төлөх болов. Товчхондоо, ашиглалтаас гарсан лифт орон сууцуудад суурилуулдгийг оршин суугч хэлсээр буй ч эрх мэдэлтнүүд үүнийг засаж залруулахын тулд хуруугаа ч хөдөлгөхгүй байна. Өмнө дурдсанчлан гурван настай хүүхэд лифтний хонгилд унаж амиа алдчихаад байхад хүртэл эл асуудлыг анхаарахгүй, нүдэн балай чихэн дүлий суусаар буй нь харамсалтай.