“Сүүдэр”, “Илүү сартай зун”, “Төрийн сүлд өршөө”, “Би гэртээ харимаар байна”, “Хубилай хааны зарлигаар”, “Үхэж үл болно, Чингис хаан”, “Буцах хаяг”, “Халуун газар”, “Хаан түүх 1, 2, 3”, “Шөнө дундын бүжиг”, “Дурлал үлгэр шиг, бас үхэл шиг”, “Би эрчүүдийг хүснэ”, “Нууц амраг чинь болъё”, “Нэг л уучилья” зэрэг үзэгч түмэнд хүрсэн тайз, дэлгэцийн олон сайхан бүтээлээрээ үзэгчдийн танил болсон зохиолч Сорогдогийн Жаргалсайхан агсны хүү жүжигчин Билгүүнийг “Удам залгамж” буландаа урилаа.
-Уншигчид аавыг тань мэдэх боловч таныг сайн танихгүй. Өөрийгөө товч танилцуулаач?
-Би Япон улсад очоод 11 жил болж байна. Ахлах сургуульд гурван жил сураад, Урлагийн их сургуульд орсон. Тэнд жүжигчин, найруулагч мэргэжлээр дөрвөн жил суралцаж төгсөөд Японы шоу бизнесийн “Аvex” компанид дөрөв дэх жилдээ ажиллаж байна.
-Ажиллаж буй компани, хийж буй ажлынхаа талаар яриач?
-Манай компани Японы үндэсний томоохон компаниудын нэг төдийгүй шоу бизнест хамгийн алдартай нь. “Sony” компанитай эн зэрэгцдэг гэхээр хэр том компани гэдэг нь ойлгогдох байх. 2006 онд япончуудын хийсэн Чингис хааны тухай киног продюсерлэсэн. Миний ажиллаж буй компани 1600-гаад ажилтантай, ганц монгол нь би. Би уран бүтээлчдийн менежментийг хариуцдаг.
-Японы шоу бизнесийн тэр том компанид монгол хүн ажиллаж байгаа нь сайхан сонсогдож байна?
-Сүмод манай эрчүүд амжилт гаргаж, алдар цолоо мандуулж байгаа. Энэ нь сайн хэрэг. Гэхдээ “Монголын имиж яагаад заавал тал нутаг, хонь мал, эсвэл бөх байх ёстой юм бэ. Урлагт, шоу бизнест яагаад монгол хүн амжилт гаргаж чадахгүй гэж” гэсэн бодол надад байдаг. Японы шоу бизнесийн салбарт нэрээ гаргаж, урлагийн ертөнцөд Ёкозүна болчих гээд л үзээд байна. Одоогоор Японы шоу бизнесийн дэвжээнд сэкиваки цолтой яваа шүү. Тун удахгүй Японд ч бай, Монголд ч бай ёкозүна болно гэж бодож байгаа. Миний ажиллаж буй компанийн ажилтнууд маш том хүсэл мөрөөдөл, зорилготой. Энэ компанид ажиллаж буй нь том боломж болохоор тэр шүү дээ. Гэхдээ би энэ тухай ярихыг нэг их хүсдэггүй. Нүдээр үзэж, биеэр мэдрээгүй болохоор хүмүүс ойлгохгүй, намайг хэтрүүлж ярьж, өөрийгөө дөвийлгөж байна гэж бодно шүү дээ.
-Гадаадад ажиллаж амьдарч буй монгол хүнтэй уулзахаар Монголдоо хэзээ ирэх вэ гэдэг асуултыг заавал асуумаар санагддаг?
-Би Монголдоо ирэхийг хүсэж байна. Ер нь удахгүй ирэх байх. Ирэх жилийн сүүлч гэхэд ирчихсэн байх юмсан.
-Ирээд юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, сурч мэдсэн зүйлээрээ Монголын урлагийн хөгжилд хувь нэмэр оруулна. Би багадаа “Еэ еэ, шар Буд”, “Төрийн сүлд өршөө” зэрэг кинонд тоглож байсан. Багаасаа урлагийн орчинд өссөн. Ямар ч байсан Монголын кино урлагт шинэлэг өнгө аяс оруулсан нэгэн шинэ дүр төрх болно гэдэгтээ итгэлтэй байгаа. Намайг хүлээж байгаарай. Нэг үеэ бодвол манай кино урлаг хөгжиж байна. Аавын бичээд тайз, дэлгэцнээ амилуулж амжаагүй зохиолуудаар кино хийх, аймгуудын театрт ганц нэг удаа тоглоод орхисон жүжгүүдийг сэргээж тавих гээд олон ажил байна. Ямар ч байсан хамгийн сүүлд бичиж үлдээсэн “Чингис хааны нууц түүх” романыг нь илүү олон хүнд хүргэмээр байна. Энэ романы бүлэг тус бүрээр кино хийхийг хүсдэг. Урлагт элэгтэй хүмүүс туслах байх.
-Аавын тань бичээд орхисон, хүмүүст хүрээгүй зохиол олон бий юү?
-Ухвал их юм байгаа. Аавын бичиг цаасыг сайн ухаж, цэгцэлж амжаагүй л байна. Ирж байгаад л нэг сайн сууна даа. Би ганц ахтай. Ах маань эдийн засагч мэргэжилтэй. Аавын мэргэжилд арай ойр нь би. Тэгэхээр хийж амжилгүй үлдээсэн ажлыг нь би л үргэлжлүүлнэ. Уг нь аав зохиолыг нь бичиж, би найруулаад хамтарч уран бүтээл хийнэ гэж бид хоёр ярьдаг байсан. Харамсалтай нь аав маань даанч эрт хорвоог орхилоо.
-Хүмүүс аавыг тань кино, жүжгийн мундаг зохиолч гэж мэддэг ч хувь хүн талаас нь бараг мэддэггүй?
-Их өвөрмөц ертөнцтэй хүн байсан. Нэг юм хийчихээд хоёрыг хийсэн дайны юм яриад явдаг хүн байдаг. Миний аав тийм хүн байгаагүй. Даруухан, олны өмнө гараад янз бүрийн юм яриад явах дургүй хүн байлаа. Тэр бүү хэл жүжгийнхээ нээлтэд ч ховор очдог байсан. Яагаад очихгүй байгаа юм бэ гэхээр “Миний бичсэн жүжиг гэж бодоод үзэхээр хэлэх гэсэн санааг минь өөрчилчихсөн байдаг. Гаргах гэсэн санаа байхгүй болохоор бухимдаад байдаг юм” гэнэ. Зохиол бүтээлээрээ дамжуулаад хэлэх гэснээ гаргачихдаг болохоор олон юм яриад явдаггүй байсан байх. Миний зохиол хүмүүст хүрсэн л бол боллоо гэдэг, алдар цол горилдоггүй хүн байлаа.
-Ямар аав байв?
-Олон үггүй, хүүхдүүдээ загнаж үглэдэггүй, болохгүй зүйл хийж байхыг харвал голыг нь олсон ёж үгээр сэтгэлд хоногштол хэлнэ. Миний мэдэхээр аав минь хоёр удаа уйлсан. Өвөөг нас барахад оршуулган дээр нь үг хэлэхдээ нэг, 2001 онд намайг Япон руу явахад гаргаж өгөхдөө нэг уйлсан. Хамелеон шилтэй байсан болохоор нүдийг нь харж чадаагүй ч уйлж байгааг нь мэдэрсэн. Би аавтайгаа их чөлөөтэй, ах, найз шиг харилцдаг байлаа. Ааваасаа эмээдэг хэрнээ өөрт тохиолдсон ямар ч асуудлыг нууж байгаагүй.
-Их эрт хорвоог орхисон нь танай гэр бүлд төдийгүй Монголын уран зохиолд том цохилт болсон?
-Аав минь ид хийж бүтээх 51-хэн насандаа хорвоог орхисон. Ядаж таван жил илүү насалсан бол хэчнээн сайхан байх вэ. Таван жилээ байг гэхэд аравхан хоног хамт байсан болоосой гэж боддог. Би аавыгаа таалал төгсөхөд дэргэд нь байгаагүй, Японд байсан. Дэргэд нь байж, сүүлчийн захиасыг нь сонсож чадаагүйдээ хамгийн их харамсдаг.
-Аавынхаа дурсгалыг мөнхж үүлэх, алдаршуулах талаар юм хийж байна уу?
-Аавын минь хийхээр бодож төлөвлөж байсан бүтээл үүд нь өөртэй нь хамт одсон ч бичсэн зохиолууд нь үлдсэн. Миний аав минь ийм тийм юм хийсэн, шагнал өгөөч гэж горилж, нэрийг нь гутаахгүй. Тэртэй тэргүй гуч гаруй жил тайз, дэлгэцийн урлагт хувь нэмрээ оруулж, уран бүтээлээрээ хөшөөгөө босгочихсон хүн. Харин аавынхаа үйлсийг үргэлжлүүлэх нь хүүгийн үүрэг. Тиймээс аавынхаа үлдээсэн бүтээлүүдийг хүмүүст хүргэчих юмсан, хүмүүс үзээсэй, уншаасай гэж бодож байна.
-Аав тань зохиол бүтээлээ яаж бичдэг байсан бэ?
-Хүмүүс иймэрхүү зохиол хэрэгтэй байна гээд санаагаа хэлдэг. Аав их бодно. Хоёр гурван сар бодож, ажиглалт, судалгаа хийж байгаад нэг суугаад биччихдэг байсан. Ихэвчлэн шөнө сууна. Өрөөнд өө суугаад унтахгүй болохоор нь бид зохиолоо бичиж байна гээд саад болохгүй. Өглөө өрөөнд нь ороход хэд хэдэн бал дуусгачихсан, бөөн цаас овоолчихсон сууж байдагсан. Хоёр гурван зуун хуудас жүжгийн зохиолыг нэг шөнийн дотор л биччихдэг байсан.
-Аавынхаа бичих авьяасыг хөвгүүд нь өвлөсөн болов уу?
-Сорогдогийн Жаргалсайханы хүү гэхээр хүн бүр “Бичдэг үү?” гэж асуудаг. Би одоохондоо өөртөө зориулж бичиж байгаа. Ааваасаа жаахан ч гэсэн авьяас авч төрсөн болов уу. Аав, ээжээс хайрласан авьяас байлаа ч түүнийг өнгөл өхгүй бол зэвэрдэг гэдэг. Тиймээс би авьяасаа гялалзуулна гэж амлаж байна. Болсон болоогүй түүхий юм гаргачихаад ердөө л энэ үү гэдэг үг сонсмооргүй байна. Улс төрд гараа дүрсэн бол сугаа хүртэл дүр гэдэг шиг хийвэл хийсэн шиг хийж, үгүй бол огт хийхгүй байсан нь дээр. Би дундуур нь явмааргүй байна. Тийм болохоор өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Жүжгийн зохиол гэдэг бол зүгээр нэг шүлэг бичдэг, ном гаргасан хүн бүрийн хийдэг ажил биш. Хүмүүс жүжгийн зохиол бичлээ гээд л ярьдаг. Тэр хүмүүсийг би ийм тийм байна гэж хэлэхгүй. Гэхдээ үзэгчид тэдний хэн нь хэн бэ гэдгийг шүүгээд өгнө.
-Жүжгийн олигтой зохиол гарахгүй байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Миний аавыг нас барсны дараа Монголын урлаг тэр чигээрээ зохиолгүй болсон гэж хэлэхгүй ээ. Гэхдээ яг загатнасан газар маажсан, часхийсэн зохиол бичиж байгаа хүн ховор байх шиг. Бичдэг хүн байхгүй болоод ирэхээр бичдэггүй хүмүүс оролдож эхэлж байна. Тэр хүмүүс хэдэн жилийн дараа гайгүй төвшинд хүрнэ байх.
-“Үхэж үл болно, Чингис хаан” киноны зохиолыг аав тань бичиж үлдээсэн. Гэтэл найруулагч Л.Эрдэнэбулган уг киноны хоёр, гуравдугаар ангийн зохиолыг өөр хүнээр бичүүлнэ гэж ярьсан?
-“Үхэж үл болно, Чингис хаан” киноны хоёр, гуравдугаар ангийг найруулагч Л.Эрдэнэбулган ах хийгээсэй гэж хүсэж байгаа. Зохиолыг өөрчлөх талаар ярьсныг нь уншсан. Нэгэнт бичээд үлдээчихсэн болохоор заавал өөрчлөх шаардлага байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Бичиж байгаад дунд нь таалал төгсчихөөг үй. Бичиж дуусаад нэгдүгээр ангиа хийчихээд хоёр, гуравдугаар ангиа хийнэ гэж ярьж байсан. Хоёр, гуравдугаар ангийнх нь зохиол өөр байх ёстой гэдэг санаа яагаад гарч ирснийг мэдэхгүй.
-Зохиолч нь байхгүй болохоор үг, санааг нь дур мэдэн засаж, өөрчилж болохгүй гэж ярьж байсан?
Тэнд нэг их засаж янзлаад байх юм байхгүй. Аав маань тэр зохиолыг бичихдээ маш олон удаа засаж, одоо боллоо гэсэн үедээ өгсөн байж таарна. Аавын минь зохиолууд найруулагчийн зохиол бичсэн бичээгүй тэр чигтээ кино байдаг юм. Тэгээд өөрчилл өө гэхэд Чингис хааны тухай кино зохиолыг хэнээр бичүүлбэл зүгээр вэ. Тэр зохиолыг хэн засах вэ. Ш.Гүрбазар уу, Б.Лхагвасүрэн үү, Б.Батрэгзэдмаа юу. Хэн юм бол, хэлж өгөөч. Уг нь тэгж бодож байгаа бол надтай ярих л ёстой байх.
-Энэ талаар Л.Эрдэнэбулган найруулагчтай ярьсан уу?
-Дээхнэ нэг утсаар яриад надтай уулзах хэрэгтэй байна гэж байсан. Би Японд амьдардаг, энд богино хугацаагаар ирдэг болохоор уулзаж амжихгүй юм.
Х.УЯНГА