Монгол бөхийг Гиннесийн номд бүртгүүлэх ажил ид өрнөж байгаа энэ өдрүүдэд бяр хүчээр бус оюун ухааны чадамжаар дэлхийд монголчуудыг алдаршуулах олон хүн байдгийг сануулах гэсэн юм. Тэдний нэгийг энэ удаагийг ярилцлагын зочноор урилаа.18 жил сайд, орлогч сайдын алба хашиж, 50 жилийн турш орчуулга хийсэн Б.Энэбиш гуайтай уулзлаа. Б.Энэбиш гуай өдгөө 78 настай ч удахгүй хэвлүүлэх 20 номынхоо эхийг бэлтгэчихээд явж байгаа нэгэн. Тэрбээр 200 гаруй ном хэвлүүлж дэлхийн 1000 орчим зохиолч, зохиогч, яруу найрагчдын бүтээл монгол хэлнээ хөрвүүлжээ.
-Та аль аймгийн хүн бэ. Таныг их сонирхолтой намтар түүхтэй гэж дуулсан юм.
-Би Өмнөговь аймгийн Оюутолгойн баруун талд нь төрөөд Тавантолгойн хонхорт тэмээ хариулж өссөн. Дээр үед манай аймагт 996 тэмээтэй айл байсан юм билээ. Тэмээний эзнийг Дорж мээрэн гэдэг байсан юм. Сангийн яамны сайд хийж, Монголд орчин үеийн тээвэр байгуулах асуудлыг анх боловсруулж Улсын бага хуралд оруулж байсан хүн. Хожим нь энэ хүн баян гэж хэлмэгдсэн. Харин би багадаа 117 тэмээ хариулдаг байлаа. Тэгээд сургуульд орж 1949 онд Өмнөговь аймгийн долоон жилийн сургуулийг төгсөхөд аав минь намайг Улаанбаатарт сургуульд оруулна гээд динозаврын яс ачсан орос жолоочийн машинд суулгаад явуулсан.
Өмнөговиос хамгийн түрүүнд Улаанбаатарт ирж сургуульд сурсан хүн нь би байх аа. Нэгдүгээр арван жилд суралцаж төгсөөд 1952 онд Москвад сурахаар боллоо. Тэр үед бид “Алтан Москва явна аа” гэж ярьдаг байлаа. “Би утга зохиолын сургуульд орно байхгүй бол номын санчийн ангид орно, гэтэл “Чи яасан дураараа нөхөр вэ. Тийм хуваарь байхгүй. Чи тээврийн яамны нэр дээр сургуульд явна” гэснээр инженер, эдийн засагч мэргэжлээр ЗХУ-д таван жил суралцсан. Намайг багад ээж минь нас барж, аав улсын ажил гэсэн завгүй хүн явдаг байсан учраас би сурч байхдаа нутагтаа ганцхан л удаа ирсэн. Төгсөж ирээд Монголын тээврийн салбарын анхны инженер, эдийн засагч гэгдэж Тээвэр холбооны яаманд ажилд орсон.
-Та их олон жил сайдын алба хашсан байх аа?
-Яамны шугамаар сурсан хүн учраас мэргэжилтнээс нь хэлтсийн дарга, орлогч сайд, сайд, сайдын зөвлөхийн ажлыг 1957 оноос 1998 он хүртэл хашсан. Тэр дундаа 18 жил нь орлогч сайд болон сайдаар ажилласан юм. Их олон жил сайд хийлээ гээд чөлөөлөх боллоо. Тухайн үед удсан сайдыг чөлөөлж Элчин сайдаар явуулдаг байв. Намайг Герман, Францад Элчин сайдаар явуулах нь гэсэн үг сонсогдох болсон. Тэгсэн нэг өдөр дуудаад сайдын албанаас чөлөөлж Вьетнам улсад Элчин сайдаар томилох боллоо гэдэг юм байна. Чих зөөлөнтэй даруухан гэгддэг би гэдэг хүн тэр үед Нам засгийн шийдвэрийг биелүүлж, Элчин сайдаар яваагүй танхай нэгэн байгаа юм.
-Яагаад, Элчин сайд бол гэхээр баярлаад явахгүй гэж үү?
-Вьетнамын байгаль, цаг агаарын нөхцөл маш хүнд. Тиймээс яагаа ч үгүй үхье гэж бодоогүй хэрэг. Уг нь Элчин сайд болж цалин мөнгө, хангамж сайтай байна гэдэг амар олдох боломж биш. Тэгээд ч сайд байсан хүнээ тухайн улсад суулгахаар болж байна гэвэл их хүндэтгэл болно.
-Намын даалгавар биел үүлээгүй хүн хэрхэн шийтгүүлэв?
-Вьетнам явалгүй үлдчихээд ажилгүй байсан учраас Батмөнх дарга дээр орлоо. Тэгтэл “Том ажилд яваагүй хүнийг одоо яах вэ. Чи их сургуульд очиж багшил. Угаасаа өмнө нь цагаар багшилдаг байсан байх аа” гэсэн. Ингээд их сургуульд тэнхимийн эрхлэгч болов. Тухайн үед Техникийн их сургууль Монгол Улсын их сургуулийн бүрэлдэхүүнд байсан юм. Ингээд ажлаа хийгээд явж байтал Зам тээврийн сайд дуудууллаа. Яваад очтол “Таныг зөвлөхөөр ажиллуулна” гэсэн. Ингэж л Зам тээвэр, хожим нь түлш эрчимтэйгээ нийлж Дэд бүтцийн сайдын зөвлөхөөр 10 жил ажиллалаа. Манай хамаатнууд намайг “Бараг л сайд гэсэн үг ээ” гэдэг юм.
-Энэ их ажлын хажуугаар бас орчуулга хийдэг байсан юм уу?
-Одоо болтол л барагдахгүй их ажилтай явна. Би дунд сургуулийн есдүгээр ангид байхдаа 1951 онд орос хэлнээс шүлэг орчуулж сургуулийнхаа ханын сонинд тавьж байсан. Дараа нь ЗХУ-д сурах хугацаандаа ч орчуулга хийдэг байлаа. Тэр ч бүү хэл би Зохиолчдын хорооны гишүүн, Зохиолчдын шалган байцаах хорооны комиссын дарга, Зохиолчдын хорооны орон тооны бус орчуулгын секцийн эрхлэгчээр ажиллаж байсан. Гэхдээ ямар ч цалингүй сонирхлоороо хийж байлаа.
-Оюутан байхдаа орчуулга хийж явуулаад хэвлүүлдэг байсан юм уу?
-Тийм ээ. Нэг үе бага Б.Энэбиш нэртэй болсон. Тэр үед улс төрийн ном орчуулдаг Б.Энэбиш гэж хүн байсан юм. Оюутан байхдаа орчуулсан ганц нэг ном маань тэр хүнтэй андуурагдаж, шагнал нь очдог байсан юм билээ. Тэгээд намайг овгоо өөрчил гэхээр нь “Бага Энэбиш гэж байвал болох уу” гээд ийм нэртэй болсон. Надад сонины газар, радио хэвлэлийн нэгдсэн редакцаас шуурхай орчуулгын захиалга өгнө. Мөн төрийн айлчлал болохтой холбогдуулж ном орчуулах болбол хамгийн түрүүнд надад хэлнэ. Би их чих зөөлөнтэй бас архи огт уухгүй. Манай зохиолчдод үүрэг өгөхөөр архи уугаад алга болчихдог байхгүй юу.
-Та өмнө нь 1000 зохиолч, яруу найрагчийн бүтээл орчуулсан гэж ярьж байсан.
-Өдий хүртэл уран зохиол, эдийн засаг, техникийн чиглэлийн 200-гаад том, жижиг ном орчуулсан байна. 170 гаруй орны шүлэг, 40 гаруй орны үргэлжилсэн үгийн зохиол орчуулжээ. Ихэвчлэн орос хэлнээс орчуулна. Хөнгөн хялбар юм бол герман, англи хэлнээс орчуулах гэж оролдоно. Сайдаар ажиллаж байсан 18 жилийн хугацаанд ном орчуулах зав гараагүй. Түүний өмнө болон хойно л орчуулга хийсэн хэрэг. Нэгтгээд хэлэхэд 1000 орчим зохиолч, яруу найрагчийн бүтээлийг орчуулсан байна. Яруу найргийн орчуулгаа тив тивээр нь ангилж таван боть гаргасан. Би ер нь номуудаа дэлгүүрээр нэг их зардаггүй ээ. Манайд угаасаа номын гүйлгээ тааруу учраас хэвлэл захиалгад оруулж байгаад хэрэгцээтэй хэмжээгээр нь хэвлэдэг.
-Та яагаад шүлэг яруу найрагт ингэтлээ татагдсан юм бэ?
-Өмнөговийн дунд сургуулийн уран зохиолын багш нь манай сумын хүн байсан болохоор нөлөөлсөн байх. Хамгийн анх А.С.Пушкины “Алтан загасны үлгэр”-ийг уншиж байлаа. Улаанбаатарт ирээд нийслэлд ганц байсан утга зохиолын дугуйлангийн идэвхтэй гишүүн болсон. Тэнд Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ч.Чимид, Д.Сэнгээ нарын лут улс багшилдаг байв.
-Тэгвэл орчуулахаас гадна шүлэг бичдэг үү?
-Шүлэг бичдэг байсан. Нэг номтой. Гэхдээ сайн бичиж чадахгүй юм байна г щээд орчуулгаа л хийдэг болсон. Зохиолчдын хорооноос үүрэг авч Болгар улсад очиж Олон улсын орчуулгын байгууллагаас туршлага судалж байлаа. Орос зөвлөлтийн орчуулагчдын уулзалтад хоёр ч удаа төлөөлөгчдийн тэргүүнээр явсан.
-Та энэ олон номыг хэрхэн хэвлүүлж байна. Санхүүжилтийн хувьд бэрхшээлтэй биш үү?
-Би нэг их олон хувиар биш 200-300 ширхгээр л хэвл үүлдэг. Өөрийнхөө номыг хэн нэгнээр санхүүжүүлэхгүй. Боломжоороо л хэвлүүлдэг юм. Би “Авай хотир” гэж компани байгуулсан юм. Одоо охин минь захирлаар, би зөвлөхөөр ажилладаг. Миний орчуулсан хамгийн том ном бол “Гайхамшигт хүмүүсийн амьдралаас” цувралын Ломоносовын тухай дэвтэр. Мөн англи, монгол, орос хэлний эдийн засгийн их толь, техникийн толь гэж номтой. Инженер, эдийн засагч учраас техник жаахан мэддэг гээд энэ талын номуудыг орчуулна аа, бас.
-Орчуулах номоо хаанаас худалдаж авдаг вэ?
-Би сайд байхдаа Европоос Куба, Португалаас Индонез хүртэл явсан. Ингэж явахдаа л байнга ном худалдаж авдаг байлаа. Одоо гэр, зуслангийн байшингаар дүүрэн ном бий. Эдгээр номын ачаар хүүхдүүдээ хооллож, тэжээж өсгөсөн. Яруу найргийн хамгийн том орчуулга нь Кыргызийн “Манас” тууль. 700 мянгаас нэг сая мөртэй. Энэ туулийн 1000 жилийн ойг 1995 онд тэмдэглэж, намайг урьсан л даа. Би очоогүй. Тухайн үед Кыргызийн цаг үеийн байдал таагүй байсан ба бид Улаан даргыгаа дагаад говио хөгжүүлэхээр явж байсан юм.
-Таныг Тээврийн яамны сайдаар ажиллаж байхад ямар ямар бүтээн байгуулалт хийгдсэн бэ?
-Улаанбаатараас хойд хил хүртэл засмал зам тавиулсан. Түүнээс өмнө хотоос хойшоо 110 км хэмхэрхий зам л байсан юм. Мөн бүх гол дээгүүр гүүр бариулсан. Нэг муухан онгоц нисдэг байхад нь ЗХУтай ярилцаж “ТУ” онгоцыг нутагтаа авчирч, Монголын онгоцыг Хятад, Европ руу нисгэдэг болгож байлаа. Иргэний агаарын тээврийн онгоцны нисэх буух зурвас, аэродромыг намайг сайд байх үед бий болгосон юм.
-Та төрийн ямар шагнал хүртэж байсан бэ?
-Алтангадас одонтой. Манайхан намайг тээврийн гавьяат болгоно гэж бичиг цаас бүрдүүлнэ гэхээр нь “Та нар тэр гавьяатаа ид ажиллаж байгаа хүндээ өг өө. Тэгж их намайг харж үзэх гээд байгаа бол ганц өрөө байр ч болох нь ээ өгчих” гэж хэлсэн.
-Та 78 настай гэхэд ануухан харагдаж байна.
-Энэ бол архи огт амсаж байгаагүйн гавьяа юм даа. Мөн би яг тогтсон цагт унтаж, сэрдэг. Шөнө ажиллана гэж байхгүй. Хөдөө агаар салхинд их явдаг байсан нь нөлөөлсөн байх. Би Монголын бүх суманд очиж үзсэн хүн.
Ж.СЭЛЭНГЭ