“Монголчууд 200 жил манжийн дарлалд байсан. Гэхдээ нүүдэлчин соёл иргэншилтэй монголчууд ямар ч дарлал дунд оюун санаа, зүрх сэтгэлийнхээ эрх чөлөөг эдэлж чаддаг хүмүүс” хэмээн “Баавгай луугийн хооронд” орчин үеийн бүжгэн жүжгийг дэглэгч Килина Кремона ярилаа. Тэрбээр монголчуудтай хамтарсан гурав дахь бүтээлээ Үндэсний хувьсгалын 100 жилийн ойд зориулан ҮДБЭЧ-ын тайзнаа амилуулах гэж байна.
ФРАНЦ, МОНГОЛ СЭТГЭЛГЭЭНИЙ НЭГДЭЛ
Хөгжмийн зохиолч М.Бирваагийн бүтээлийг Үндэсний их найрал эгшиглүүлж, үүнийг Францын хөгжмийн зохиолч Бернард Форт орчин үеийн хэлбэрт оруулан найруулжээ. Түүнчлэн үндэсний урлагаараа овоглодог Монголын бүжигчдийн ур чадварыг орчин үеийн бүжгэн жүжигт сорьж буй хүн нь бүжиг дэглээч Килина Кремона болон Д.Баярбаатар нар. Тэд 2002 онд “Цаг хугацаа салхи мэт хурдална” бүжгэн жүжгийг хамтран дэглэж байсан юм.
БААВГАЙ, ЛУУ ХОЁРЫН ДУНД ХЭН БАЙНА ВЭ
Орчин үеийн бүжгэн жүжигт хэд хэдэн түүх, сэдвийг зэрэг өгүүлж болдог онцлогтой. Үзэгчид ч үүнийг өөр өөрийнхөө хүлээн авч, үнэлж дүгнэдэг. Олон жилийн өмнөх эрх чөлөөт, амар амгалан, аз жаргалтай амьдралын тухай өгүүлэмжээр “Баавгай луугийн хооронд” бүжгэн жүжиг эхэлнэ. Хайр, хүнлэг сэтгэл, амар амгаланг цэцэг, өвс ногоо, биеийн гоо сайхан болон тал дунд морьтой давхих залуусын эрч хүчээр илэрхийлсэн байна. Орчин үеийн бүжгийн жүжгийн гол дүрүүд нь хэн нэгнийг дуурайн бүжиглэдэггүй ба өөрийнхөөрөө сэтгэж, техник ур чадвараа харуулдаг. Бүжгэн жүжгийн хоёрдугаар үзэгдэлд үндэсний хэв маяг зонхилно.
Гоцлооч болон хослон бүжиглэгчид ардын бүжгийн хөдөлгөөн хийх аж. Дараагийн үзэгдэлд Манжийн дарлалд орсон тухай өгүүлнэ. Аз жаргал, гэрэл гэгээ үгүй болж итгэл найдвараа алдаж, үзэн ядсан, өлсгөлөн, өвчин зовлон, ядуурал, доройтолд өртсөн дүр төрхийг харуулах аж. Улмаар доройтож туйлдсан байдал нь хайрцагт орж, торны цаана бүжиглэнэ. Шоронгийн торны цаана өрнөх мэт амьдрал шатрын хөлөг дээрх нүүдлийг санагдуулам нэг хэвийн уйтгартай байх аж. Бүжгэн жүжгийн тавдугаар үзэгдэлд “Баавгай- МонголЛуу” гурвалсан бүжиг бий. Улс төрийн үйл явдлыг бүжгийн хэлээр өгүүлэхийн тулд бүжигчид бие биенээ хөөж, барьж аван тоглож байгаа мэт харагдана. Одоо ч монголчууд Орос, Хятадаас тусламж гуйсан хэвээр байгааг энэ хэсэгт өгүүлэхийг зорьжээ. Эцэст нь монголчууд эрх чөлөөгөө олж аз жаргалтай түүх жаргана. Баяр баясгалангаар эхэлж, аз жаргалтай өрнөх эл бүжгэн жүжигт мон голчуудыг шувуу даар, оросуудыг баав гай, хятадуудыг луугаар төлөө лүүлсэн аж.
Д.БАЯРБААТАР: ҮДБЭЧ2ЫН УРЫН САНГ ОРЧИН ҮЕИЙН БҮЖГЭН ЖҮЖГЭЭР БАЯЖУУЛЛАА 
-“Баавгай луугийн хооронд” бүжгэн жүжгийн онцлог юу вэ?
-Монгол үндэстэн тусгаар тогтнолоо олсон 1911 оны үйл явдлыг орчин үеийн контемпорари бүжгэн жүжгээр үзүүлэх гэж байна. Мэдээж бид дуулахгүй, биеийн хөдөлгөөнөөр илэрхийлнэ. Түүхэн сэдэвт бүтээлд Францын бүжиг дэглээч, хөгжмийн зохиолч хамтран ажиллаж байгаа нь эхний онцлог. Бернард Форт Үндэсний их найрлын тоглосон хөгжмийг электро, акустик байдлаар хувиргаж, Килина Кремона манай бүжигчдийг контемпорари бүжигт сургаж байна. Бернардын хөгжмөөс Монголын салхи, шувуудын жиргээг сонсох боломжтой
-Бүжгэн жүжгийн гол дүр нь улс бүрийг төлөөлсөн амьтан байх юм уу?
-Баавгайгаар Орос, луугаар Хятад улсыг төлөөлүүлж, гурван шувуу нь монголчууд болж буй. Гэхдээ манай бүжгэн жүжигт луу нь лууны хөдөлгөөн хийхгүй. Харин оронд нь орчин үеийн хип хоп бүжиг хийх жишээтэй. Баавгай, шувууд ч ижил. Монголчууд эрх чөлөөнд тэмүүлж байгаа гэдэг утгаар нь эрчимлэг хөдөлгөөнтэй байлгахын тулд шувуудыг сонгосон.
-Энэ бүтээлд хэдэн бүжигчин оролцож байгаа вэ?
-Манай чуулга 40 гаруй бүжигчинтэй. Тэдний 15 нь шинэ уран бүтээлд оролцож, олон дүр бүтээж байгаа. Баавгай болсон бүжигчин ор чин үеийн хайр дурлалын хэсэгт гарч, салхины бүжгийг хийж болно.
-Тоглолтын үеэр бичлэг тавих уу, эсвэл Үндэсний их найрал Бернард Форттой хамтран тоглох юм уу?
-Үндэсний их найрлын хөгжмийг орчин үеийнх болгож өөрчилсөн бичлэг тавих болно.
-Үндэсний хувьсгалын ойд зориулсан түүхэн сэдэвтэй бүтээлийг гаднын уран бүтээлчидтэй хамтарч, орчин үеийн хэв маягаар хийх болсон нь ямар учиртай юм бэ?
-ҮДБЭЧ үндэсний урлаг, соёлын үнэт өвийг монголчууд болон гаднынханд хүргэдэг. Зуны турш жуулчдад зориулсан тоглолтоо хүргэлээ. Манайхыг зорих үзэгчдийн тоо улам нэмэгдэж байгаа нь урын сан арвин болсонтой холбоотой байх. Түүхэн ой давхацсан жилийн анхны том бүтээлийг нэгдүгээр сард манай чуулга тоглосон. Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хөг жим, миний дэглэсэн “Мэргэнд буусан чоно” бүжгэн жүжигт Модун хааны тухай өгүүлдэг юм. Түүхэн ойд зориулсан хоёр дахь уран бүтээл нь “Баавгай луугийн хооронд” бүжгэн жүжиг. Дараа нь “Нүүдэлчдийн аялгуу” бүрэн хэмжээний тоглолт хийхээр зэхэж байна.
КИЛИНА КРЕМОНА: МОНГОЛЧУУД КОНТЕМПОРАРИ БҮЖИГ СУРЧ БАЙНА
-Энэ зохиолыг хэн танд санал болгосон бэ?
-ҮДБЭЧ-ын захирал А.Цэдэн-Иш болон удирдлагууд нь санал тавьсан юм.
-Монгол бүжигчидтэй хамтран ажиллахад ямар бай на вэ. Тэдний ур чадварыг хэрхэн үнэлэх бол?
-Контемпорари бүжиг Монголд дөнгөж хөгжиж эхлэх гэж байна. Монголчууд эрх чөлөөгөө олохын тулд удаан хугацаанд, аажмаар тэмцсэнтэй яг ижил байдлаар контемпорари урлаг урагшилж байна. Бүжигчид маань бүх хүчээ дайчлан хамтран ажиллаж байгаа.
БЕРНАРД ФОРТ: ГАНЦХАН МОРИН ХУУРЧИЙН ТОГЛОЛТ НЬ ОРКЕСТРЫГ ОРЛОХ ХҮЧТЭЙ
-Үндэсний их найрлын тоглолтыг хэрхэн шинэчлэн найруулж байгаа вэ?
-Ийм ажил хийх сонирхолтой байлаа. Би Үндэсний их найрлын дуугаралтыг бараг мэдэгдэхгүй болгож, хөгжмийн тоглолтыг нэг нэгээр нь тодотгож найруулж байгаа. Ингэснээр үзэгчид найрлын хөгжмийг нэг нэгээр нь салгаж сонсох боломжтой болно.
-Монголын бусад хөгжмийн зохиолчдийн бүтээлийг сонсож үзэв үү?
-Маш олон зохиолчийн хөгжим сонссон. Тиймээс оркестрыг юу удирдаж байна, эх булаг нь хаана байна гэж судаллаа. Ганцхан морин хуур гэхэд оркестрын хэмжээнд сайн дуугардаг учраас салгаж найруулахад хялбар байсан. Килина Кремона бүжигчин охидыг шувуухайнууд хэмээн өхөөрдөв. Бэлтгэлээ хийгээрэй гэж дуудахдаа хүртэл жиргэх мэт авиа гаргаж байсан гээч.