СУИС-ийн “Оюутан” театрын тайзнаа хүүхдүүд гар дээрээ эргэнгээ шүлэг уншиж байв. Тэд жүжигчний нэгдүгээр
ангийнхан. Гар дээрээ бүтэн эргэж, шүлэг унших нь амьсгаагаа зөв хуваарилж сурахад тустай гэнэ. Энэ дасгалын дараа оюутнууд “Бид чадна, бүтээнэ, ялна...” гэсэн үгсийг нэгэн зэрэг чанга дуугаар хэлэхэд биеийн шар үс босчих шиг болов. Ингэж л ирээдүйн жүжигчдийн эрч хүчийг сэлбэдэг юм шиг ээ. Тэдэнд хичээл зааж буй багш нь гавьяат жүжигчин Л.Чаминчулуун.
Хичээл завсарлах хэдийнэ болсон ч багш ажлаа үргэлжлүүлсээр л байлаа. “Одоо та нар орос, хятад, англиар 1-100 хүртэл тоолоод дээс тогло. Алдвал шинээр эхэлнэ шүү” гэв. Жүжигчний ангийн хүүхдүүдийн сургалт тун ч онцлог, бас зугаатай аж. Монголын театрын урлагийн 80 жилийн түүхээс бичилцэж яваа олон олон уран бүтээлчийг бэлтгэсэн Л.Чаминчулуун багшийн яриаг хүргэе.
-Дээсийг тоглоом гэж бодож байснаас биш жүжигчний мэргэжлээр сурч байгаа оюутнуудын хичээлийн нэг хэсэг гэж санасан үгүй.
-Дээс тоглож байгаад алдвал би зогсоодог. Алдахгүй байхын тулд тэд хичээнэ. Энэ бол хариуцлага. Хөдөлж байгаа учраас үйлдлийн дасгал болно. Гуравдугаарт, энэ бол хэлний дасгал. Тэр олон хүнийг ардаа хүлээлгэчихээд хэн нэг нь алдвал ямар байх вэ.
-Яг тэдэн шиг танд загнуулж, аргадуулж жүжигчний мэргэжлийг эзэмшсэн анхны шавь нараасаа нэрлэвэл...
-Багшлаад 30 жил болжээ. Талийгаач Доржсамбуу, Цэвээнравдан бид гурав Орост дээд сургууль төгсөж ирээд л Багшийн дээдийн кино драмын ангид багшилсан юм. Дуучин, жүжигчин Нармандах, Төмөрхуяг, Лхагвасүрэн, Алтанцэцэг, УДЭТ-ын дарга Цэрэнсамбуу нар бол миний анхны шавь. Түүнээс хойших дунд үеийн төлөөлөл нь Болд-Эрдэнэ, Эрдэнэбилэг, Ганцэцэг. Хошин урлагийн хамтлаг болон телевизүүдэд шавь нар маань ажиллаж байгаа. Нэг үе өөрийгөө харж баярладаг байсан бол одоо өрөөлийг харж баясдаг цаг болжээ. Гэвч би тайзнаасаа буугаагүй, чадах юмаа хийгээд захиалгад дарагдаад л явж байна. Олон хүүхдийн амьдралын замыг заахын зэрэгцээ өөрийнхөөрөө аз жаргалтай амьдарч явна даа.
-Хөгжим бүжгийн дунд сургууль төгссөн гэж дуулсан. Яагаад жүжигчин болсон юм бэ?
-Дунд сургуулийн нэг ангид сурч байсан хүүхдүүдээрээ бахархдаг шүү. Ардын жүжигчин Батчулуун, ҮДБЭЧ-ын дарга Цэдэн-Иш, гавьяат жүжигчин, хуучирч Эрдэнэ-Очир бид нэг ангийнхан. Дунд сургуульд шанзны ангид сурч, төгссөн ч жүжигчин болох хүсэл минь намайг театр руу хөтөлсөн. Анх театрт үйлчлэгчээр ажилд орсон. Залуухан сайхан ч байж. Үйлчлэгч нар нь үсээ хоёр салаа, эсвэл нэг сүлжчихээд хар, шар өнгийн эмжээртэй дээлээр ижилсдэг байв. Дараа нь шат ахиад нүүр хувиргагч болсон. Миний багш Н.Ням ажлын болоод амьдралын минь замыг нээсэн буянтай хүн. Театрын амьдралтай танилцаж, нүүр хувиргагчийн мэргэжлээр ОХУ-д сурах боллоо. Тухайн үед дунд сургуульд сурахаар очсон ч хэлний бэлтгэлээ сайн хийвэл дээд сургуульд орох эрх өгдөг байлаа. Би онц сурч төгсөөд Арменд дээд сургуульд сурах эрх авсан. Тэнд театр судлаач, эдийн засагч мэргэжлээр л сурах боломжтой байв.
Жүжигчин болох хүсэл минь оргилсоор байсан учраас зориглон гадаад оюутан хариуцсан захирлаасаа “Танайд жүжигчний анги бий юү” гэж асуусан. Азаар тэр жил дээд сургуулийн жүжигчний ангид Армен, ОХУ-ын хоёр элсэлт авсан учраас надад боломж олдож шалгуулаад тэнцсэн. Би өмнө нь театрын нүүр хувиргагч хийж байхдаа Багшийн дээдийн кино драмын ангид хоёр ч удаа шалгуулаад тэнцээгүй юм. Гэтэл хүний амьдралд гайхалтай эргэлт гарч, хожим нь тэндээ багшлах юм гэж хэн мэдэх билээ. Их сургуульд таван жил онц сурч, Сүхбаатарын нэрэмжит цалин авдаг байлаа. 90 рубль гэдэг чинь их мөнгө. ОХУ-д сургууль төгсөхөд, хичээлийнх нь 90-95 хувь нь онц байвал магистрын зэрэг өгдөг байв. Тэр дагуу 1980 онд анх удаа магистр цол аваад Монголдоо ирсэн.
-Таныг монголчууд хошин урлагийн хүн л гэж боддог. Гэхдээ театрын жүжигчний мэргэжил эзэмшсэн учраас энэ чиглэлээрээ ажиллаж байсан биз дээ?
-Төгсөж ирээд Багшийн дээдийн кино драмын ангид багшлахын зэрэгцээ кинонд дуу оруулдаг байлаа. Гэвч онц төгсөж ирснээс цаашг үй, дадлагагүй нэгэн байхыг хүсээгүй учраас би хүсэлт тавьж 1982-1987 онд УДЭТ-т ажилласан. Анх “Эрдэмтний яриа” жүжгийн Пунсалын дүрд тоглосон. Тухайн үед хотод болж буй тоглолтод гол дүр олдохгүй, гол дүрийг “акулууд” л авна. Харин хөдөө бол Чаминчулуун од болно доо. Театрт ажилласан он жилүүд минь надад өөрийгөө задлах эрч хүч ч өгсөн, эмзэглэл ч бий болгосон. Сургууль төгсөж ирээд удааг үй байхад аав минь өнгөрч, жил хүрэхгүй хугацааны дараа ээж минь хүнд өвчний улмаас нас барсан. Тэгэхэд би өвчтэй ээжийгээ асрахын оронд 45 хоногоор бригадаар явдаг байлаа. Урлагт хайртайдаа л тэгж явсан байх. Гэхдээ ээжийгээ асрахгүй яав даа гэж үргэлж харамсдаг. Аав, ээжийнхээ нэрийг гудайлгахг үй явах нь миний зорилго байсан юм даа.
-Сайн багш, хошин шогийн жүжигчин, театрын жүжигчин. Эдгээрийн аль нь таныг тодорхойлох бол?
-Аль алиныг нь сайн хийхийг зорьдог учраас бүгд миний төрөл. Сүүлийн үед сайн шавь төрүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна. Өөрөө тайзан дээрээ байнга тоглож байгаа учраас энэ нарийн мэдрэмжээ сургалтынхаа арга барилд шингээж, мэдлэг, эрч хүч өгөхийг хичээдэг.
-Жүжигчин болохыг тэгтлээ их хүсдэг байсан гэхээр театрын байнгын үзэгч нь байсан байж таарна. Анх ямар жүжиг, хэний тоглолтыг үзэж биширч байв?
-Аавыгаа дагаж театрт байнга очдог байлаа. “Гарын таван хуруу” жүжгийг анх үзсэн. Долгорсүрэн гуай, Лхамхүү нар гол дүрд нь тоглож байлаа. Жүжиг үзчихээд театраас гарахад сэтгэл нэг л сайхан болдог. Театр өдөр бүр тоглолттой, хүмүүс байнга жүжиг үздэг байсан нь нийгмийг соёлтой, хүнлэг болгон хүмүүжүүлдэг байсан юм.
-Яг энэ дүр надад тохирно доо гэж мөрөөдөж, төсөөлж байв уу?
-“Баян барлаг хоёр” жүжгийн Жамилийн монолог, “Нандин эрдэнэ” жүжгийн Цэцгээ зэрэг залуухан бүсгүйчүүдийн дүрийг өөртөө тохирно гэж бодно. Гэхдээ хоёр ч удаа жүжигчний шалгалтад уначихсан болохоор гутранги үзэлтэй болчихсон байж. Гэхдээ Орост очоод сэргэсэн шүү. Сайн багш нараар заалгаж, мэргэжлээ эзэмшсэн шиг эзэмшсэн. Багш нараасаа өвлөсөн сургалтын арга барилаа өөрийнхөө туршлагаар баяжуулж, ирээдүйн театрын жүжигчдийг бэлтгэхээр тэрбээр шамдан ажиллаж байна. Монголын театрын урлагийн 80 жилийн түүхийн 30-ийг нь бичилцэхэд хувь нэмрээ оруулсан учраас түүнийг театрын хүн гэхээс өөр аргагүй.
Ж.СОЛОНГО