Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 18 хувиар өсжээ

Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ) сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, энэхүү үйлсийг сурталчлах, алдаршуулах, урамшуулах зорилгоор сар бүрийн 3-ныг цусаа бэлэглэх өдөр болгосон билээ. Эл өдрөөр олон нийтэд цусаа хандивлахын ач холбогдлыг таниулж, суурин болон явуулын цэгүүдээр цус цуглуулдаг. Үүнээс гадна олон удаа цусаа хандивласан доноруудад цол, тэмдэг гардуулдаг юм.

88 дахь удаагийн цусаа бэлэглэх өдөр өчигдөр тохиолоо. ЦССҮТ-өөс фэйсбүүк дэх “Үнэртэй усанд дурлагсдын клуб” группийнхэнтэй хамтран цус цуглуулах өдөрлөг өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр 70 буюу түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн гурван хүндэт донорт “Хүрэл донор” цол, тэмдэг гардуулжээ. Мөн “Бахархал 50”, ”Бахархал 40”, “Бахархал 30, ”Бахархал 20”, “Бахархал 10” тэмдгийг таван донор хүртсэн байна.

ЦССҮТ-өөс мэдээлснээр өнгөрсөн зургадугаар сарын цус цуглуулалт өмнөх оны мөн үеийнхээс 13 хувиар нэмэгджээ. Мөн цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 18, хэмжээ нь гурван хувиар өссөн аж.

Цусаа хандивлах хүсэлтэй иргэд дээрх тэмдэглэлт өдрөөс гадна нийслэлийн хэмжээнд буй цус цуглуулах суурин гурван төв, явуулын цэгүүдэд хандах боломжтой. Цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч Баянзүрх дүүргийн цус цуглуулах төв сар бүрийн хоёр дахь долоо хоногийн бямба гарагт 09.00-13.00 цагийн хооронд ажиллаж байгаа гэнэ.

Бэлтгэсэн Ц.Дүүрэнжаргал