Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийг эхлүүлэв

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Эрчим хүчний сэргэлт” багц ажлын төлөвлөгөөнд 35 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний хүрээнд өчигдөр “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлснийг Засгийн газраас мэдээллээ. Тодруулбал, дэлхийд томд тооцогдох, 200 МВт/цагийн хүчин чадалтай, литиум-ион батарей бүхий хуримтлуурыг суурилуулж, 110 кВт-ын “Сонгино” дэд станцад холбохоор болжээ. Хуримтлуурыг ашиглалтад оруулснаар төвийн бүсийн эрчим хүчний системийн тогтвортой ажиллагааг дээшлүүлж, нэгдсэн сүлжээний дутагдлыг нөхөн, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах юм байна. Үүнээс гадна хүчдэлийн тохируулга хийн, дулааны цахилгаан станцын доголдлоос сэргийлэх зэрэг боломж бүрдэх гэнэ. “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн нээлтэд Ерөнхий сайд оролцон, “Энэхүү бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулснаар төвийн эрчим хүчний системийн бие даасан байдал шинэ шатанд гарна. Засгийн газраас сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, ялангуяа усан цахилгаан станц байгуулах ажлыг эн тэргүүний зорилт болгосон. Үүний хүрээнд Эрдэнэбүрэнгийн станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голын усан цахилгаан станцын ажлыг эхлүүлэхийн төлөө бүхий л боломжоо дайчилна. Мөн системийн хүчин чадлыг 75 МВт-аар өргөтгөн, 250 МВт-аар шинэчлэх “ДЦС-3”-ын болон Тавантолгойн дулааны цахилгаан станц, Багануурын цахилгаан станц зэрэг төслийг цаг алдалгүй эхлүүлнэ” хэмээв. Дээрх төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2020 оны тавдугаар сард байгуулсан 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон гурван сая ам.долларын буцалтгүй тусламжаар санхүүжүүлэх юм. Барилга угсралтынх нь ажлыг 14 сарын дотор гүйцэтгэн, 2023 оны өвлийн оргил ачааллаас өмнө төвийн бүсийн эрчим хүчний системд холбохоор төлөвлөжээ. Төслийн хэрэгжилтийн явцад 120 түр ажлын байр, байгууламжийг ашиглалтад оруулснаар байнгын 25 ажлын байр бий болох аж.