Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Барилгын ажил гүйцэтгэж байсан гурван хүн хүчдэлд цохиулж нас баржээ

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг, сургуулийн 35 дугаар гудамжинд уржигдар 19.00 цагийн үед ноцтой осол болсны улмаас 37-58 насны гурван хүн нас баржээ. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид “Ачааны автомашин шатаж байна” гэсэн дуудлагын дагуу тухайн газарт очиход Б, Ч, Ш нар хүчдэлд цохиулж, эндсэн байж. Онцгой байдлын байгууллагынхны мэдээлснээр тэд “Фусо” загварын ачааны машинаар барилгын суурийн ажил гүйцэтгэж байсан бөгөөд краны сум нь 10 000 вольтын хүчдэл дамжуулах агаарын шугамд хүрснээс ажилчид хүчдэлд цохиулж, газар дээрээ нас баржээ. Машин нь ч мөн шатсан байна. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа аж. Түүнчлэн Хилийн чанадад амьдардаг манай улсын нэгэн иргэн золгүй байдлаар осолд өртөж, эрүүл мэндээрээ хохирсон хэргийн талаар АНУ дахь монголчууд мэдээллээ. Чикаго хотын Мичиган нуурын ойролцоо гэр бүлээрээ амарч явсан бүсгүй моторт завины сэнсэнд өртөж, хөлгүй болжээ. Бүсгүй тухайн үед хийлдэг гудастай хөвж явсан бөгөөд ойролцоох завины жолооч аялагчдыг хэт ойр байгааг анзааралгүй хөдөлгүүрээ асааснаас ийм явдал болсон гэнэ. Өдгөө тэрбээр мэдрэл сэргээх, хиймэл хөл хийлгэх мэс засалд орохоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд Америк дахь монголчууд түүнд туслахаар хандивын аян өрнүүлж эхлээд байна.

Бэлтгэсэн Н.Буян