Хэдэн жилийн өмнө “Учиртай гурван толгой” дуурийн сургуулилалтын үеэр туслах найруулагч Е.Сарантуяа эгчийг анх харж байсан юм. Тухайн үед шинэ Балган сургахын тулд нэлээд бухимдангуй байгаа нь харагдсан. Зарим үед сэлмийг нь булааж аваад “Ингээд эр хүн шиг дориухан барь л даа” гэж хэлээд өөрөө Балган болж хувирна. Үүнээс хойш ДБЭТ-аар орж гарах, шинэ уран бүтээлийн тухай сурвалжлах бүртээ түүнтэй таарч, эчнээ танил боллоо.
Дуурийг найруулан тавьсан ерөнхий найруулагч нь байхгүй байсан ч анхны хувилбараар нь тайзнаа амилуулах үүрэг түүнд ногдоно. Гэхдээ тэр үзэгчдийн өмнө нэрээ дуудуулж, цэцгийн баглаа тэврэн зогсох нь үгүй. Тасралтгүй бүтээн туурвигч илчит тэрэгний нэгэн зүтгүүр болсон, театрын арын албаны “генерал”, туслах найруулагч Е.Сарантуяатай ярилцлаа.
-Та ДБЭТ-т хэд дэх жилдээ ажиллаж байгаа билээ?
-1982 онд Болгарын хөгжмийн дээд сургуулийг төгсөөд л театртаа ирсэн дээ.
-Ямар мэргэжлээр төгссөн бэ?
-Дуулаачийн мэргэжлээр төгсөж ирээд дөрвөн жил гаруй ажиллаад 1987 оноос туслах найруулагч болсон.
-Дуучин бүсгүй яагаад найруулагч болов?
-Тухайн үед манай театрын туслах найруулагч Жаргал гуай тэтгэвэртээ гарах болоод дараагийн хүнээ бэлтгэх үүрэг хүлээжээ. Театрын туслах найруулагчийг гаднаас авч ажиллуулснаас энд ажиллаж байсан хүнийг сургах нь илүү дээр гэж үзсэн учраас надад санал тавьсан. Сонгодог урлагийн театрын онцгой дэг жаяг, нийлмэл урлагийн онцлогийг ойлгох хүн л энэ ажлыг хийнэ. Надад тэр санал таалагдсан учраас Жаргал гуайг дагалдаж туслах найруулагч болсон.
-Та ямар хоолойтой вэ?
-Меццо сопрано.
-Сургууль төгсөж ирснээсээ хойш ямар ямар дуурьт дуулж байв?
-Цөөхөн, жижиг дүрд л дуулсан.
-Харин одоо та театрт тоглодог дууриудыг арван хуруу шигээ мэддэг болсон биз дээ?
-Ерөнхий найруулагч жүжгээ тавьчихсан л бол туслах найруулагч түүнээс хойших арын бүх ажлыг хийх үүрэгтэй. Байнгын бэлтгэл хийлгэж, дараа дараачийн шинэ жүжигчдийг сургана.
-Заримдаа өөрөө дүрдээ орж биетээр үзүүлэх үү?
-Санаанд хүрэхгүй үед “Нэг иймэрхүү баймаар юм” гэж үзүүлэх нь бий. Гэхдээ энэ бол тухайн найруулагчийн л арга барилын онцлог. Зарим найруулагч илүү хөдөлгөөн хийхгүйгээр яриад л бүхнийг ойлгуулдаг. Социализмын үед Новосибирскийн дуурийн театрын найруулагч манай театрт ирж “Шуурганаар” дуурийг найруулсан. Тэр хүн жүжигчдэд хэрхэн тоглохыг биетээр үлгэрлэдэг байж билээ.
-Таныг туслах найруулагч болж байхад театрт Монголын сонгодог урлагийн “акул”-ууд дуулдаг байсан. Тэдэнтэй ажиллахад илүү дөхөмж байсан уу?
-Хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж, ардын жүжигчин Д.Жаргалсайхан, Д.Жамьянжав, А.Хавлааш, Х.Уртнасан, гавьяат жүжигчин А.Бүтэд гээд мундагчуудтай мөр зэрэгцэн ажиллаж байснаараа би их азтай хүн. Тухайн үед ерөнхий найруулагч Л.Эрдэнэбулган байсан учраас томчуудтай өөрөө ажиллачихдаг байлаа. Тэгээд ч намайг туслах найруулагч болоод удаагүй байхад ихэнх нь тэтгэвэртээ гарсан даа. Гол дүрүүд солигдоод шинэ залуу уран бүтээлчдийг бэлтгээд эхлэхээр л туслах найруулагчийн ажил ундардаг. Манай ахмадууд хөндлөнгөөс ажиглалт хийгээд зөвлөгөө өгч байгаа хүний үгийг тэр, энэ гэж ялгалгүй хүлээн авдаг байсан.
-Одоо ДБЭТ-т жилд хэдэн дуурь тоглодог вэ. Зарим дуурийнх нь ерөнхий найруулагч театрт ажиллахаа больсон учраас та чухал үүрэг хүлээдэг биз дээ?
-Социализмийн үед хувьсгалын сэдэвтэй үндэсний олон дуурь тоглодог байсан. Харин одоо бол жилд 20 гаруй дуурь тоглодог. Мэдээж тэр болгоныг би мэддэг байх ёстой. Тоглолтын үеэр хөгжмийн аль хэсэгт хөшиг нээгдэж, хаагдах, гэрэл унтрах, тайз солигдох гээд бүгдийг зохион байгуулах нь миний үүрэг. Дуурийн театрын тоглолт симфони найрал хөгжимтэй үргэлжилдэг учраас хөгжмөө ч гэсэн сайн мэддэг байх учиртай. Ерөнхий найруулагч нь байхгүй олон дуурь байгаа.
-Тэгвэл та үзэгчдийн суудлаас тоглолт үзээгүй 20 гаруй жил болсон гэсэн үг үү?
-Балетын тоглолт дээр л би чөлөөтэй байдаг. Бусад дуурь, тоглолтын үеэр завгүй гүйнэ дээ. Туслах найруулагч болсноосоо хойш тайван сууж тоглолт үзээгүй. “Тэтгэвэрт гарсныхаа дараа л театртаа ирж тоглолт үзнэ дээ “ гэхээр манайхан “Та чадахгүй байх аа. Уур чинь хүрч, босож харайх биз” гэж хошигнодог юм.
-Тоглолтын өмнө түгших үү?
-Чухал, том тоглолтын өмнө би гол дүрийн жүжигчнээс дутуугүй түгшдэг. Байн, байн тайз, гэрлээ шалгаж, жүжигчидтэйгээ уулзана. Хэн нэгэн нь оройтож ирвэл уурлана. Ингэж байтал тоглолтын үеэр нөгөө хоцорч ирсэн дуучин маань сайхан дуулбал хайр хүрнэ.
-Та ямар дуурьт хамгийн дуртай вэ?
-Тоглуулахад хэцүү эсвэл хялбар дуурь гэж бий. Дундаа ганцхан завсарлагаатай, нэг цаг дөчин минут үргэлжилдэг “Ламбугайн нулимс” дуурийг тоглуулахад хэцүү байдаг ч би дуртай. Хөгжим нь ямар гайхалтай гэж санана.
-Тухайн дуурийн гол дүрд яг тохирсон жүжигчин гэж байдаг байх. Энэ цаг үеийн хамгийн сайн Юндэн, Нансалмаа таныхаар хэн бэ?
-Нэр заагаад хэлчихвэл бусад нь гомдоно. Одоо Нансалмаа жаахан цөөрчихөөд байгаа. Наранчимэг, Туяа хоёр л дуулж байна.
-Сопран хоолойтой дуучин бүр Нансалмаад дуулдаггүй гэсэн үг үү?
-Сопран хоолойтой дуучин Нансалмаад дуулчихна л даа. Гэхдээ колоратурны сопран дуулахгүй. “Аида” дуурийн Аидагийн дүрд л гэхэд драматический сопран дуулбал нийцтэй. Тенор болгон “Чио Чио Сан” дуурийн Пинкертонд дуулдаггүй. Олон хоолойтой дуучинтай театрт бол яг тохирсон хоолойгоо дуулуулдаг. Харин манайд бол боломж хомс юм даа.
-Колоратурны, драматический, лирический сопран хоолойны ялгаа нь юу вэ?
-Лирический нь илүү уянгалаг, нарийн хоолой. Драматический нь үүнээс арай өтгөн чанга байдаг.
-Найруулагч болсноос хойш таны хувийн зан араншин болон гадаад байдалд хэр их өөрчлөлт гарсан бэ?
-Мэргэжлийн онцлог л юм даа. Хэрэв би налайгаад л, байгаа байхгүй нь мэдэгдэхг үй яваад байвал ажил урагшлахгүй. Хүүе, хаая гэж чанга дуугарахаас өөр аргагүй. Тэгэхээр би их өөрчлөгдсөн юм байна. Би сүүлийн 20 жилийн турш Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн тоглолтын туслах найруулагчаар ажиллалаа. Тэр олон хүнийг байх ёстой газар, цагт нь цуглуулахын тулд чанга дуугарч л таарна. Гэхдээ шаардлага тавьж байна гээд үргэлж муухай хараад, зандраад байна гэж юу байх вэ. Харин энэ жил л наадмын тоглолтод оролцоогүй.
Ж.СОЛОНГО