Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.ЦЭРЭНТОГТОХ: Тоглолтын төгсгөлийг сайн гүйцэтгэхгүй байгаа шалтгаан нь тамирчдын сэтгэл зүйтэй холбоотой

Монголын ширээний теннисний спортод өөрийн хувь нэмрийг оруулж, үндэсний шигшээ багийн тамирчдын ур чадварыг ахиулан амжилтад хүргэхээр зорьж яваа дасгалжуулагчдыг нэг бол Б.Цэрэнтогтох. Спортын хүрээллийнхэн түүнийг Цээвээ хэмээн хүндэлдэг. Шигшээ багийн тамирчдаас Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ нар өнгөрсөн жил Катарын Доха хотод болсон тэмцээнд одтой оролцож, Токиогийн олимпын наадамд анх удаа өрсөлдсөн. Түүний удирдлагад хичээллэсэн Б.Болор-Эрдэнэ Токиод Монголын багийн анхны ялалтыг байгуулж байв. Өдгөө үндэсний шигшээ багийн зөвлөх дасгалжуулагч Кан Дон Хүнтэй хамтран тамирчдаа ахлан бэлтгэл хийлгэж, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдүүлэхээр сойж байгаа түүнтэй ярилцлаа.

 

-Ширээний теннисний энэ намрын тэмцээн Бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тоглолтоор эхэллээ. Багийнхаа тамирчдыг сойх дараагийн тэмцээн хаана болох вэ? 

-Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож, Монголын ширээний теннисний холбоо шилдэг зохион байгуулалттай холбоогоор шалгарлаа. Тус наадамд 16-гаас дээш насныхан оролцдог. Энэ жил шигшээ багийнхан ганцаарчилсан төрөлд аварга болох зорилготой өрсөлдсөн тул өөрийн харьяалах аймаг, дүүрэг, клубийн багт нэгдэж тоглолоо. Тэмцээн өрсөлдөөнтэй, заал дүүрэн үзэгчтэй болсон. Манай холбоо ахмадуудынхаа туршлагад тулгуурлаж залуу тамирчид бэлтгэн, гадаадын тэмцээнд оролцуулахаар зорьж буй. Үе үеийн шигшээ багийнхан тивийн болон ДАШТ-д оролцсоор ирсэн. Шигшээ багийнханд шинэ оны өмнө оролцох хоёр тэмцээн бий. Өмнөд хөршид болох тэмцээнүүд цар тахлын улмаас цуцлагдаж, төлөвлөгөөнд өөрчлөлт орсон тул ирэх сард Словени, БНСУ-ыг зорьж чансааны оноо олгох, олон улсын тэмцээнд сойно. Ийм тэмцээнд өндөр зэрэглэлийн тамирчид оролцдог юм. Үүнээс гадна Монголд жил бүр зохион байгуулдаг лигийн АШТ сарын дараа эхэлнэ.

-Та амжилт гаргах насандаа дасгалжуулагчаар ажилласан. Үеийнхнийгээ хараад тоглох сон гэж боддог байв уу?

-Тэр үед хүүхдүүдийг бэлтгэл хийлгэж, өөрөө ч тэмцээнд оролцдог байлаа. Тэгтэл аль, алинд нь амжилт гаргахгүй байв. Тиймээс тамирчны карьераа өндөрлүүлж, багшлахаар шийдсэн. Миний хувьд байнга болдоггүй ч жилд нэг удаа зохион байгуулдаг тэмцээнийг хүндлээд оролцдог тал бий. Монголбанкны ерөнхийлөгч агсан О.Чулуунбат ах “Оч” клубийг байгуулж, тамирчдыг бэлтгэл хийлгэх шинэ заал ашиглалтад оруулахад С.Галбадрах багш шигшээ багийн дасгалжуулагчаар, би туслахаар ажилласан юм. Миний хувьд ҮБТДС-д сурч байх хугацаандаа тамирчдаа бэлтгэл хийлгэж, тэмцээнд оролцуулдаг байлаа. 2009 онд сургуулиа төгсөөд найз Л.Баярмагнайтай Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуульд “Шинэ эргэлт” клуб байгуулж, багшаар нь ажилласан. Тус сургуулийн удирдлага, хамт олон энэ спортыг дэмждэг тул клубийнхээ үйл ажиллагааг одоо ч гэсэн үргэлжлүүлж байгаа. Ширээний теннисний шилдэг тамирчин энэ сургуулиас цөөнгүй төрсөн. Эрэгтэйчүүдийн шигшээ багийн М.Тэмүүлэн тус сургуулийг төгсөгчдийн нэг. Энэ сургуулийн клубт багаасаа хичээллэсэн хүүхдүүд өсвөр насны ангилалд сайн тоглодог юм. 

-Та 2005 онд Э.Лхагвасүрэнг УАШТ-д алтан медалийн төлөө тоглоход нь зааж зөвлөөд аварга болгосон санагдана. Түүнээс хойш шигшээ багийн дөрвөн үеийн тамирчдыг бэлтгэл хийлгэсэн байна. 

-Дасгалжуулагчаар ажилласан цагаасаа үеийнхэндээ найз, дүү нарт ах, багш нь болж энэ спортод бэлтгэж ирлээ. Намайг ахмад тамирчид хүртэл “Багш аа” гэж хүндэлдэг. Миний хувьд аль алинтай нь мэнд устай явдаг юм. Дасгалжуулагчаар ажиллахын амаргүйг одооилүү мэдэрч байна. Залуу байхдаа олон зүйлийг цаг хугацаатай уралдаж амжуулахаар хичээдэг байлаа. Спортын төлөө бүхнээ зориулж ажиллахад ар гэрээ орхидог тал бий. Би ч гэсэн дасгалжуулагчдын туулдаг энэ замыг тойроогүй. Гэр бүл минь миний найдвартай ар тал болж, ойлгодгийн хүчинд тууштай ажиллаж байна. Эхнэрийг минь Ж.Пүрэвжаргал гэдэг. Санхүүч мэргэжилтэй. Манайх хоёр хүүхэдтэй. Том охин II ангид сурдаг. Теннис тоглох сонирхолтой. Одоохондоо хичээллэхэд нас нь бага тул хувцас, цохиур, бөмбөг гээд хэрэглэлийг нь бэлдсэн. 

-Кан Дон Хүн багш үндэсний шигшээ багийнхныг бэлтгэл хийлгэдэг болсноос хойш спорт сонирхогчид амжилт хэрхэн гаргах бол гэж хардаг болжээ. 

-Монголын шигшээ багийнхан өмнө нь бүрэн бүрэлдэхүүнээрээ гадаадад хамтарсан бэлтгэл хийсэн удаагүй. Энэ нь БНСУ-ын Ширээний теннисний холбоотой ойр ажиллаж байгаагийн үр дүн. Бид өнгөрсөн наймдугаар сард тус улсыг зорьж, Сүвон хотын “Кёнги” их сургуульд өсвөрийн багийнхантайгаа 14 хоног хамтарсан бэлтгэл хийсэн. Бэлтгэлийн үеэр манай холбооны удирдлага тус улсын ширээний теннисний холбоотой хамтран ажиллах төлөвлөгөөгөө ярилцсан юм. Тэндээс ирээд багийнхантайгаа Хандгайт дахь “Олимп” баазад үргэлжлүүлэн бэлтгэл базаасан. Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар ажилладаг Кан Дон Хүн багш тэнд хамтарсан бэлтгэл хийх олон сургуулийн багийг урьсан байв. Манайхантай Сүвон хотын эмэгтэйчүүд, “Кёнги” их сургуулийн эрэгтэйчүүд, мөн “Асан” ахлах сургуулийн шигшээ багийнхан бэлтгэл хийсэн. Тэр үеэр Египетийн тамирчин, дэлхийд чансаагаараа 29-д жагсдаг Дина Машрафе манайхантай хамтарсан бэлтгэл хийгээд буцсан юм. Тэрбээр Кан Дон Хүн дасгалжуулагчаас “Та Монголд хэдэн төгрөгийн цалин авдаг вэ. Манай улс танд санал тавивал ажиллах уу” гэхэд “Үгүй ээ, би одоохондоо өөр улсад ажиллах бодолгүй байна” гэж хариулсан. Түүний хувьд манай тамирчдыг бэлтгэл хийлгээд багагүй хугацааг үдлээ. Бидэнд “Монгол хэл сурах амаргүй нь. Одоогоор сайн ярихгүй ч 40 гаруй үг мэднэ” гэдэг юм. Тамирчидтай англи хэлээр ярилцдаг. Шигшээгийнхэн түүнтэй харилцахын тулд англи, солонгос хэл сурахаас гадна, улсынх нь соёлоос ч бас суралцаж байна. Тэрбээр хамтарсан бэлтгэлийн үеэр шигшээгийн тамирчдыг хойшид Солонгост суралцуулах талаар ярилцахад хоёр ч их сургууль саналыг нь хүлээж авсан. Монголын тамирчид тус улсад боловсрол эзэмшиж, мэдлэг, ур чадвараа ахиулах сайхан мөч мөдхөн биелэх байх. 

-Хамтарсан бэлтгэлийн үед олон зүйлийг анзаарч харав уу? 

-Манайхан гадаадын тэмцээнд байнга оролцдоггүй тул нэг дутагдал анзаарагдсан юм. Тэд тэмцээнээ сайн эхлүүлдэг ч тоглолтын дунд, төгсгөлийг санаанд хүртэл өрнүүлж чадахгүй байна. Ямар ч тамирчин тэмцээний эхэнд өөрий гөө дайчилж, дунд үед нь ядардаг. Тэр үед зөв сэргэлт авах хэрэгтэй. Тоглолтын төгсгөлийг сайн гүйцэтгэхгүй байгаа шалтгаан сэтгэл зүйтэй нь холбоотой. Монголын ширээний теннисний шигшээ баг, клуб, орон нутгийн тоглогчдоос ч гэсэн ийм зүйл ажиглагддаг. 

-Өмнө нь зохион байгуулсан тэмцээн “Оч” клубт цомхон болж өндөрлөдөг байлаа. Сүүлийн үед тоглолтын заал үзэгчдээр дүүрдэг болсон байна. 

-Ширээний теннис сонирхож хичээллэгсдийн тоо өмнөхөөсөө нэмэгдсэн. “Оч” клубт цомхон тэмцээн зохион байгуулдаг байсан үе одоо дурсамж болжээ. Бидний үед өсвөр үеийнхэн нэг л насны ангилалд оролцдог байв. Одоо дөрвөн насны ангилалд таван өдөр өрсөлдөх жишээтэй. Үүнээс гадна Монголын ширээний теннисний холбоо Биеийн тамир, спортын улсын хороотой хамтарч, үр дүнтэй ажиллаж байгаа. Тус хороо ширээний теннисний багийг үндэсний шигшээд хамруулсан. Үүний үр дүнд Токиогийн олимпын наадамд өрсөлдөх эрх авч, анх удаа оролцлоо. Спорт сонирхогчид ч гэсэн тэр үед олимпын наадмын эрх авчихаасай гэж хүлээж байсан нь мэдрэгдсэн. Цаашид хөгжих боломж, итгэл найдвар манай тамирчдаас харагдаж байгаа. Миний харж буйгаар бол Европт энэ спорт жигд өндөр хөгжсөн. Ази тивд Зүүн Азид илүү хөгжсөн шүү дээ. Манайханд Европынхны хүч, Азиас мэдрэмж түлхүү хөгжсөн. Хятад, Солонгосыг дагавал амархан хөгжмөөр харагддаг. Монголын ширээний теннисний шигшээ багийг өмнө нь БНХАУ, БНСУ, БНАСАУ-ын дасгалжуулагчид бэлтгэл хийлгэж байлаа. Тэдний удирдлагад бэлтгэл хийсэн үе үеийн шигшээ багийнхан Монголын ширээний теннисний спортын хөгжлийг багагүй урагшлуулсан. 

-Монголын теннисчид бие бялдар, оюуны хувьд хэр өндөр чадавхтай бол?

-Манайхан оюуны өндөр чадавхтай. Ширээний теннис спортын бусад төрлийг бодвол техник, хэрэгсэл ихтэй тул тамирчид мэдрэмжийн хувьд илүү хөгждөг. Хэдий хурд, хүчтэй ч арга, техникийг нь олохгүй байсан тал бий. Тиймээс БНСУ-аас мэргэжилтэн багш нарыг урьж ажиллуулсан. Тэд ч туслахыг хичээсэн. Монголын ширээний теннисний холбооны гадаад харилцаа болон ерөнхий нарийн бичгийн дарга сайн ажиллаж, Токиогийн олимпын өмнө БНСУ-аас Кан Дон Хүн багшийг урьснаар манай тамирчин анхны хожлоо авсан. Бэлтгэл хийлгэсний үр дүн ч гарсан. Манай шигшээгийнхэн өмнөхөөсөө илүү амжилт гаргахаар зорьж байгаа. Хойшдоо хоёр улсын холбоо хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ. БНСУ, Монголын шигшээ багийнхан жилд нэг удаа хамтарсан бэлтгэл хийх талаар санал солилцож, тэндээс дөрвөн тамирчин ирэх байсан. Гэсэн ч БНСУ-ын Ширээний теннисний холбооны ерөнхийлөгч, олимпын аварга Рю Сүн Миний нэрэмжит тэмцээн наймдугаар сард болсон тул амжаагүй. Ирэх жил Монголд ирнэ. Бид тэнд байх хугацаанд холбооных нь ерөнхийлөгчтэй уулзахдаа хойшид ямар ажил төлөвлөж, тамирчдаа бэлтгэл хэрхэн хийлгэн, тэмцээнд оролцуулах талаар ярилцсан. Рю Сүн Мин манай тамирчдыг халуун дотно угтан авч, хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Тус улсын шигшээ багийнхан ДАШТ-д эхний гурван байр эзэлдэг. Өнгөрсөн жилийн Азийн АШТ-д эрэгтэйчүүдийн шигшээ баг нь түрүүллээ. 

-Ямар ч ажил төлөвлөхөд санхүү, эдийн засагт тулгуурладаг. Хэрэгжүүлэхээр зорьсон бүхэн тань хэр урагшилж байх юм.

-Бид алхам алхмаар урагшилж байна. Үүнд Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга, нарийн бичгийн дарга С.Галбадрах, гадаад харилцааны дарга Б.Баярмагнай, ахмадууд, ивээн тэтгэдэг байгууллага, тамирчдын гэр бүл дэмжиж байгаа тул амжилт үзүүлнэ гэдэгт итгэдэг. Байгууллагуудын хаалга тогшиж, удирдлагатай нь уулздаг үе ард хоцорсноор ажил төлөвлөж, урагшлахад дөхөм болж байна. Биеийн тамир, спортын улсын хорооны дэргэдэх Эрдэм шинжилгээ, анагаах ухааны төвийнхөн шигшээ багийнхантай хамтран ажиллаж, бэлтгэл сургуулилалтын онол практик, амралт, сэргэлт, хооллолт, сэтгэл зүйн байдлаа хэрхэн зохицуулах талаар зөвлөгөө өгдөг. Тамирчдыг амжилт гаргахад эдгээр зүйл нөлөөлдөг болохыг өгүүлсэн ном хэвлэгдсэн байна билээ. Удахгүй дасгалжуулалтын сургалт зохион байгуулна. Бид өмнө нь тамирчдаа гадаадын тэмцээнд оролцуулахдаа багш, тогооч, бариач, эмч, сэтгэлзүйч нь болдог байлаа. Хойшид арын албанд нь ажилладаг багийн бүрэлдэхүүнтэй оролцуулахаар төлөвлөсөн. 

-Та Азийн орнуудын дасгалжуулагч, шигшээ багийнхан амжилт хэрхэн гаргаж байгааг судалдаг уу?

-Японы шигшээ багийг дасгалжуулсан багш лекц уншсан юм. Тэрбээр 2010 оны ДАШТ-д оролцсон багийнхаа тамирчдын зургийг харуулаад “Энэ бол шигшээ багийн арын албыг хариуцаж ажилладаг хүмүүсийн тал нь” гэж билээ. ДАШТ-ий багийн төрөлд гурван тамирчин тоглодог. Тэгтэл долоон эмэгтэй тамирчин багт нь байв. Тэд тэмцээнд тоглоогүй ч бэлтгэл хангагчаар явсан. Тэднээс гадна дасгалжуулагч, эмч, менежер, тэмцээн болох газрыг мэддэг хөтөч, тамирчдынхаа өрсөлдөгчийн тоглолтыг судалдаг тактик судлаачтай. Япончууд Токиогийн олимпод ширээний теннисний хосын төрөлд алтан медаль хүртлээ. Тэр үед Монголын тамирчид хэзээ тэдэн шиг болох бол гээд бодож суусан шүү. Тэндээс тээж ирсэн бодлоо бага багаар биелүүлж байгаа. Ирэх жил олимпын оноо, эрх олгох тэмцээнтэй. Бид шигшээгийн тамирчдаа 2024 онд Францын Парис, 2028 онд АНУ-ын Лос-Анжелес хотод зохион байгуулах олимпод оролцуулах зорилготой. Монголд ширээний теннисний спорт үүсэж хөгжсөний 60 жилээр Токиогийн олимпод хоёр тамирчнаа оролцуулсан бол 70 жилийн ойгоор зорьсноо хэрэгжүүлсэн байх болов уу. 

-Дасгалжуулагчид ажлынхаа онцлогийг өгүүлсэн судалгааны ном, эхлэн суралцагсдад зориулсан гарын авлага хэвлүүлдэг болжээ. 

-Баянхонгор аймгийн дасгалжуулагч, ОУХМ Б.Эрдэнэсувд хэдэн жилийн өмнө ном хэвлүүлсэн юм. Тэрбээр “Миний өмнө нь хэвлүүлсэн номыг баяжуулж, судалгааны бүтээл, гарын авлага болгоё. Хамтарч ажиллаач” гэж санал тавьсан. Тэрбээр өмнө нь ширээний теннисний шигшээ багт тоглож, улсын аварга болж байв. Түүний номын ажил руу зав гаргаад ханцуй шамлахаар зэхэж сууна. Өнөө цагт бүх зүйл хөгжсөн тул тэр хэрээр үзэж, судлах зүйл их болсон. Өмнө нь Хятадын тамирчид нууц бэлтгэл хийдэг гээд хардангуй ярьдаг байлаа. Тэгвэл одоо интернэтээс тоглолтын бичлэг үзээд тамирчдад заах нээлттэй болжээ. Ширээний теннис 2000 оноос өмнө гэмтэл, бэртэлтэй спортын төрөлд багтдаг байв. Одоо спорт олон төрлөөр хөгжиж байгаа тул тооцогдохоо больсон. Нэг үе эцэг, эхчүүд хүүхдээ “Чи спортоор хичээллээд хоолоо олж идэхгүй шүү” гэж зэмлэдэг байсан бол өнөө цагт ингэж хэлэх нь ховор болсон. Тэд спортын дасгал, хөдөлгөөн эрүүл мэндэд чухал гэдгийг сайн ойлгож байна. Зарим нь хүүхдээ хөтөлж ирээд “Мэргэжлийн тамирчин заавал болох шаардлагагүй. Идэвхтэй хөдөлгөөн хийж, зөв төлөвшин, цагийг үр дүнтэй өнгөрүүлж сурах хэрэгтэй” гэдэг юм.