Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд ажиллалаа. Тус нэгтгэлийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаяр нэгтгэлийн танилцуулга, штабын бэлтгэлжилт, бэлэн байдал, цэргийн сургалт бэлтгэлийг хэрхэн зохион байгуулж байгаа талаар илтгэж, төгсгөлд нь өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл хүргэлээ.
Энэ үеэр бригадын генерал Ч.Цогтжаргал Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэмжлэгтэйгээр Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд анхлан хэрэгжих “Цэргийн жишиг хотхон” төслийн бэлтгэлийн ажлыг хэрхэн хангаж байгааг тодруулж, зарим барилга байгууламж, объектуудтай танилцав. Тэрбээр “Цэргийн жишиг хотхон” төслийг хэрэгжүүлснээр Зэвсэгт хүчний хэмжээнд баригдаж буй барилга, байгууламжууд орчин үеийн нэгдсэн стандарт, хэв маягтай болох, сургалт, дадлагыг зохион байгуулах, ажиллаж амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх тухай тодотгоод үүний тулд бэлтгэл ажлаа эрчимжүүлэхийг даалгасан юм.
Тус нэгтгэлд Хуурай замын цэргийн командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа С.Жаргалсайхан, ЗХЖШ-ын Материал техникийн газрын Орон сууцны хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганбат, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Бат-Эрдэнэ нар дагалдан ажиллав.