Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Лондоны Амьтан судлалын нийгэмлэг болон олон улсын 100 гаруй эрдэмтний хамтран боловсруулсан “Амьд ертөнцийн тайлан-2026”-д Монгол бөхөнгийн тоо толгойг сэргээсэн амжилттай туршлагыг онцолжээ. Мөхлийн ирмэгт тулж, 1981 онд Шаргын говьд ердөө 1000 гаруй үлдээд байсан Монгол бөхөнгийн популяц сэргэн 28 800-д хүрсэн аж. Мөн түүхэн тархац нутагтаа эргэн нутагшсан нь байгаль хамгааллын оновчтой менежментийн бодит үр дүнг харуулсан онцлох жишээ болов.
Монгол бөхөнгийн тоо толгой байгаль, цаг уур болон хүний сөрөг нөлөөллийн улмаас эрс цөөрч, тархац нутаг нь хумигдсаар 1998 онд 3000 орчим болж цөөрөөд байжээ. Үүнээс хойш WWF-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар холбогдох талуудтай хамтран хамгааллын ажлыг эрчимжүүлсэн гэнэ. Тухайлбал, бөхөнгийн тархац нутгийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ. Үүнээс гадна хууль бус агнуураас сэргийлэх хяналтыг сайжруулж, бөхөн хамгаалагчдын сүлжээ байгуулж, нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлсний зэрэгцээ амьтдын ундаалдаг булаг, шандын эхийг хамгаалалтад авчээ. Үүний үр дүнд Монгол бөхөнгийн тоо толгой өсөхийн зэрэгцээ тархац нутаг нь тэлж, Хяргас нуурын хөндийд олон жилийн дараа эргэн ирсэн байна. Тус бүсэд одоогоор 1659 бөхөн нутагшаад буй аж.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэхүү зэрлэг амьтныг зориудаар шилжүүлэн нутагшуулах шаардлагагүйгээр, хамгааллын оновчтой арга хэмжээ болон зөв менежментийн тусламжтайгаар популяцыг байгалийн жамаар нь тэлж, тоо толгойг сэргээх бүрэн боломжтойг харуулж байна. Монгол бөхөнг хамгаалсан туршлага нь ховор амьтдыг мөхлийн аюулаас аврахад урт хугацааны хамгаалалт болон орон нутгийн иргэдийн оролцоо хамгийн чухал гэдгийг илэрхийлжээ.
У.Цэцэг