Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн амралтын өдрүүдэд Ховд аймагт ажиллах үеэрээ “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын явцтай танилцаж, ирэх онд ашиглалтад оруулах бүх нөхцөлөөр хан гахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Мөн ажил саатахад хүргэж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэхэд анхаарна гэдгээ дурдлаа.
Баруун бүсэд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалтын түвшинг сайжруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор 2022 онд ажлыг нь эхлүүлсэн “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалт өдгөө 95 хувьтай буй бөгөөд авто зам, цахилгаан, цэвэр, бохир ус, мэдээлэл холбооны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, уурын дулааны станц зэрэг найман төрлийн дэд бүтцийн ажил үргэлжилж буй аж. Эдгээрт 60.1 тэрбум төгрөг зарцуулжээ.
“Шинэ Ховд”-ыг ашиглалтад оруулснаар 2200 гаруй ажлын байр орон нутагт бий болох гэнэ. Одоогоор 100 гаруй аж ахуйн нэгж тус паркад үйлдвэр байгуулах хүсэлт ирүүлжээ. Тэдгээр аж ахуйн нэгжид төр санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатайг орон нутгийн төлөөллүүд хөндсөн бол Засгийн газрын тэргүүн хууль, эрх зүй, хөрөнгө оруулалт гээд боломжит бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.
Мөн тэрбээр “Ховд эко цемент” компанийн үйл ажиллагаатай танилцсан байна. Жилд 400 мянган тонн цемент үйлдвэрлэж, баруун таван аймаг төдийгүй Улаанбаатар хот, ОХУ-д нийлүүлж буй тус компани Евразийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад дэмжлэг үзүүлэхийг Засгийн газрын тэргүүнээс хүсжээ.
Н.Мишээл